Хаити улсын Ерөнхийлөгч Жовенел Моиз мягмар гарагийн шөнө үл таних этгээдүүдийн гарт амиа алдсан тухай тус улсын Ерөнхий сайд Клод Жозеф мэдэгдэв. Ерөнхийлөгчийн хувийн сууц руу халдаж амь насанд нь халдсан этгээдүүд англи болон испани хэлээр ярьж байсан тухай гэрчүүд мэдүүлж байсан юм. Энэ хэрэгтэй холбоотой дөрвөн хүнийг устгаж, хоёр хүнийг баривчилсан тухай тус улсын цагдаагийн дарга Леон Чарльз хэллээ. Мөн гэмт этгээдүүдийн гарт барьцаалагдсан цагдаагийн гурван албан хаагчийг суллажээ.
Зэвсэгт халдлагын үеэр тэргүүн хатагтай Мартина Моиз хүндээр шархадсан тул АНУ руу яаралтай эмчилгээнд явуулжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хүүхдүүд аюулгүй байдалд байгаа талаар Ерөнхий сайд батлаад Хаити улс даяар 15 хоногийн хугацаатай онц байдал зарласнаа мэдэгдлээ.
Жовенел Моиз дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Хаити улсыг 2017 оноос хойш удирдаж байв. Улстөрийн тогтворгүй байдал нүүрлэсэн Хаитид сүүлийн хэдэн долоо хоногийн турш гэмт хэргийн бүлэглэлүүд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гараад байгаа. Харин сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Моизийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, улс орны нийгэм эдийн засгийн байдлыг дордуулсан хэрэгт буруутган огцрохыг шаардаж байв. 2021 оны хоёрдугаар сард Моиз цагдаагийн өндөр албан тушаалтан, Дээд шүүхийн шүүгч тэргүүтэй 23 хүнийг төрийн эргэлт хийж өөрийнх нь амь насанд халдахаар завдсан хэргээр баривчилсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна