Олон нийтийн сүлжээгээр бусдыг бүлэглэн гутаан доромжилсон этгээдүүдэд ял оноолоо


Францын нийслэл  Парис  хотын  шүүхээс  олон нийтийн  сүлжээгээр  бусдыг  бүлэглэн гутаан  доромжилж,  ялгаварлан гадуурхсан хэрэгт 18-29 насны  нийт 11 залуусыг буруутгаж ял оноожээ. Тэдэнд  шүүхээс  4-6  сарын  хугацаатай тэнсэн  харгалзах  ял  оноосны  дээр  хохирогчид  1500  еврогийн нөхөн  төлбөр  олгохыг, шүүхийн зардалд 1000  евро нөхөн төлөхийг шаардсан шийдвэрийг гаргасан байна.

Энэ  хэргийн хохирогч нь 16 настай  Мила гэгч охин юм. Тэрээр   өнгөрсөн онд  Инстаграмм дахь хаягтаа оруулсан дүрс  бичлэгээсээ болж шүүгдэгчдийн дарамт доромжлолыг амсах болсон аж. Мөрдөн шалгах ажиллагааны  явцад  залуус  Мила  охиныг дарамталж  сүрдүүлсэн, үзэн  ядаж  гадуурхсан, зохисгүй үгс хэрэглэсэн  захидал, коммент  илгээж байснаа хүлээн  зөвшөөрсөн  байна. 

Эрүүгийн энэ  хэргийг  Францын  прокурорын газрын дэргэд  саяхан  байгуулагдсан Интернэт  дэх  гадуурхалт,  доромжлолтой  тэмцэх  тусгай  ангийнхан  мөрдөн  шалгажээ.  Кибер буллинг  буюу  олон нийтийн  сүлжээ  дэх  гадуурхалт, доромжлолыг   Францад  2018  онд баталсан хуулийн  дагуу  эрүүгийн хэрэг хэмээн  ангилж  мөрдөн  шалгах боломжтой  болсон  юм.  Милагийн хэрэг  гэж  тодорхойлох  болсон энэ хэрэг нь  Францад шүүхээр гэм  буруутныг тогтоож хариуцлага  тооцсон  анхны  тохиолдлуудын нэгд  тооцогдож  байгаа юм. 

Түүний өмгөөлөгчийн  мэдээлснээр   Мила  охинд сүрдүүлж,  доромжилж гутаасан 100 гаруй мянган коммент захидал  ирсэн  байжээ. Энэ бүх  доромжлол,  сүрдүүлгээс болж  Мила сургуулиасаа гарч,  байнга  цагдаагийн хамгаалалттай  явахад  хүрчээ. Францын  эрүүгийн хуулиар олон нийтийн сүлжээгээр  бусдыг  гүтгэн  доромжилж,  доромжилсон  хүмүүст 2  жил  хүртэлх хугацаагаар  хорих ял оноож,   30 мянга  хүртэл  еврогоор  торгох  шийтгэл оноодог  байна.  Хэрэв  сошиал  энэ доромжлол гүтгэлэгт  өртсөн  хохирогч  нь  15  аас доош  настнууд бол 3  жилийн  хорих ял оноож  45 мянган  еврогоор торгох шийтгэл оноодог заалттай аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна