"Аминдаа арчаатай" архичдыг ойлгох нь буюу тэдний 5 шинж тэмдэг


Их сургуулиа амжилттай төгссөн, томоохон компанид дажгүй албан тушаал хашдаг, гэр бүлтэй... Гэхдээ л архины хамааралтай буюу долоон хоногт 3-4 удаа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс бий. Тэгсэн хэдий ч ажил амьдралаа цалгардуулахгүй бөгөөд архины хамааралтай гэдгээ ч мэдэхгүй, бусад хүмүүс ч анзаарахгүй. Тэдгээр хүмүүсийг "high functioning alcoholic" буюу "аминдаа арчаатай архичид" гэх ба тэдний 5 шинж тэмдгийг хүргэж байна. 

Доорх тодорхойлолтыг Бостон дахь Эммануэл коллежийн сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөх Сара Бентон өөрийн бодит туршлага дээр үндэслэн бичсэн "Аминдаа арчаатай архичдыг ойлгох нь" номдоо дурджээ. Түүний хэлснээр, амжилттай яваа хүмүүсийг хэн ч архины хамааралтай гэж үзэхгүй ч тэд эмчилгээ хийлгэх төвшний сэтгэцийн асуудалтай байдаг гэжээ.

1. Тэд ууна гэж бодсон хэмжээнээсээ үргэлж хэтрүүлдэг бөгөөд өөрийгөө хянаж, уухаа зогсоож чаддаггүй.Уушийн газар хаах үеэр хангалттай согтсон байх ч дэлгүүрээс нэмж уух зүйл авахаар яарна.

2. Дараагийн удаа хэнтэй хаана, хэрхэн яаж уух талаараа төсөөлөн бодно. Цаг агаар сайхан байвал дуу сонсонгоо алхахаас илүүтэй шуудхан л задгай агаартай газар сууж хэдэн пиво уухаар хэн нэгнийг хань татна. Тэдэнд уух шалтгаан мундахгүй. 

3. Уухаараа ааш зан нь өөрчлөгддөг, эрүүл үедээ хэлж ярихгүй, хийхгүй зүйлсээ үйлддэг. Хууль зөрчиж хэрэг төвөгт орооцолдохгүй ч аюултай нөхцөл байдалд орох нь элбэг. Ууж яваад таагүй зүйлтэй учирвал өөртөө бус согтууруулах ундаанд бурууг өгнө. 

4. Тасарч унах. Маргааш нь юу болсныг санахгүй байх. 

5. Ихэнхдээ амжилттай яваа, удирдах албан тушаалын хүмүүс энэ төрөлд багтдаг. Учир нь тэдэнд ууснаас болж эдийн засгийн асуудал тулгардаггүй бөгөөд хэн нэгний хяналт дор ажилладаггүй тул эрх чөлөөтэйгөөр ууж ажилдаа оройтон ирсэн ч анзаарах хүн ховор байдаг.

Эх сурвалж: ub.life



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.90
    2021/07/10

    Аялагч Шар айрагийн Ганхүүг л хэлж дээ

    Хариулах