Мөргөлдөөний үеэр АНУ-ын цэргүүдэд тусалдаг байсан Афган хэлний орчуулагч нар аюулд орсон тул АНУ-ын талаас тэднийг нүүлгэн шилжүүлж эхэллээ.
"Operation Allies Refuge" хэмээх уг ажиллагаа энэ сарын сүүлийн долоо хоногт эхэлнэ гэж Цагаан ордон мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тогтоолын дагуу АНУ-ын цэргүүд есдүгээр сарын 11-н гэхэд Афганистанаас гарах бөгөөд үүнтэй зэрэгцэн хэлмэрчдийг нүүлгэж буй аж.
Эх сурвалжийн мэдээлснээр эхний ээлжид АНУ-ын цэргийн баазуудад байрлуулах 2500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд 2001 оноос олгож эхэлсэн Цагаачлалын тусгай визид хамруулах аж.
АНУ цэргээ татаж эхэлснээр Афганистан дахь Талибан бүлгэмийн ажиллагаа сүүлийн долоо хоногт эрчимжиж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Талибанчууд Тажикистан, Пакистан, Туркменистан, Иран зэрэг улсын хил дээрх Афганистаны цэргийн постуудыг эзлээд байна.
АНУ Афганистанаас цэргээ татсан явдал нь энгийн иргэдийн хувьд маш муу зүйл байх магадлалтай бөгөөд Афганистанчуудыг үх гээд үлдээж буй хэрэг хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш хэлжээ. Тэрээр 2001 онд Афганистан руу цэрэг оруулах шийдвэрийг гаргаж байсан юм.
Талибанчууд АНУ-ын цэрэг орж ирэх хүртэл 1990-ээд оны дунд үеэс хойш Афганистаныг удирдаж байсан бөгөөд тэднийг хүний эрхийн зөрчилтэй хэмээн буруутгадаг.
Талибан нь Исламын шашны цаазаар авах ялыг дэмждэг бөгөөд телевиз, кино, хөгжмийг хориглож 10-аас дээш насны охидыг сургуульд явахыг зөвшөөрдөггүй байна.
Эх сурвалж: BBC, Aljazeera
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна