Токиод Парлимпаас өмнө халдварын тархалтыг бууруулах сорилт тулгарч байна


"Токио 2020" Зуны 32 дугаар Олимпын наадам "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалд зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Олон улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах Токиогийн Зуны Олимпын наадам ковид19 цар тахлын нөхцөл байдал дунд зохион байгуулагдсан ч гэлээ амжилттай боллоо гэж дүгнэсэн байна.

Үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд болсон Олимпын хаалтын ёслолын ажиллагаа сүрлэг галын наадмаар эхэлж, баг тамирчдаа төлөөлж улс орон бүрийн туг баригчид цэнгэлдэх хүрээлэнд орж ирснээр эхэлжээ.

Туг баригчдыг Грек болон зохион байгуулагч улс Японы туг баригчид  тэргүүлж орж ирсэн байна. Хаалтын ёслолын ажиллагааны хамгийн анхаарал татсан мөчүүдийн нэг нь 2024 оны Зуны Олимп зохион байгуулах эрхийг Парис хотод албан ёсоор хүлээлгэн өгсөн үйл явдал байлаа. Токио хотын захирагч Койке Юрико Олимпын далбааг Парис хотын захирагч Анн Идальгод хүлээлгэн өгчээ. Токиогийн Олимп зохион байгуулах хорооны дарга Хашимото Сейко Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах боломжийг олгосон бүх хүнд тэр дундаа эмч сувилагч нартаа талархал илэрхийлжээ.

Япон улс "Ковид-19" цар тахлын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Токиогийн Зуны олимпын наадмын ихэнх цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн уралдаануудыг үзэгч, хөгжөөн дэмжигчгүйгээр зохион байгуулсан. Токио 2020 зуны 32 дугаар Олимпын наадамд дэлхийн 205 улс орон, газар нутгийн 11 мянга гаруй тамирчид, Дүрвэгсдийг төлөөлсөн олимпын баг 17 хоногийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн Зуны олимпын наадам "Ковид-19" цар тахлын халдварын тархалт, олон Япончуудын эсэргүүцэл, олон сар үргэлжилсэн зохион байгуулалттай холбоотой бэрхшээлтэй тулгарч, эрүүл мэндийн саад бэрхшээлийг даван туулсны эцэст өндөрлөлөө гэж Японы хэвлэлүүд онцолж байна.

Олимпын наадмын хугацаанд Зохион байгуулагч Токио хотод ковид19 цар тахлын халдварт тохиолдлын тоо өссөн байна. Токио хот 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-ны хооронд Паралимпын наадмыг хүлээн авах юм.

Иймд Токио хотын эрх баригчдын өмнө Парлимпаас өмнө халдварын тархалтыг бууруулах сорилт тулгарлаа гэж хэвлэлүүд онцолж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна