Б.Жавхлан: Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ


Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрээр  “Засгийн газарт Төрийн болон Хөгжлийн банкны хөгжлийн концепц чиг үүргийг нэмэлтээр эрчимжүүлэх танилцуулгыг хийлээ. Товчхон дурдвал, Төрийн банкийг нийгмийн дундаж давхаргад илүү үйлчлэх бага орлоготой хэсгийг бойжуулж тэдгээрт шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлэх банк болгоно. Ингэснээр Төрийн банкнаас үзүүлж байгаа үйлчилгээний цар хүрээ илүү тэлнэ. Төрөөс Төрийн банктай хамтарч ажиллана. Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоос шалтгаалж өөр, өөр байдаг. Монгол Улсын хувьд 1-3 сая төгрөг хүртэлх өрхийн дундаж орлоготой хэсгийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг. Харин олон улсад тухайн өрх нь сарынхаа орлогоороо ипотекийн зээл, машиныхаа өрийг төлөөд бусад хувийн хэрэгцээгээ ханган хуримтлал үүсгэдэг өрхүүдийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бойжуулах, энэхүү санхүүгийн эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулж биелүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс тус банкны үйл ажиллагааны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна.

Харин Хөгжлийн банкыг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь, Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна