Тус улсад болж байгаа нөхцөл байдлаас үүдэж хоол, хүнс тэжээлийн хомсдол нүүрлэх эрсдэл бий болж болзошгүй талаар анхааруулсан байна. Энэ хүрээнд өвлийн улирлаас урьтаж хангалттай хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг Афган руу илгээх шаардлагатайг онцолсон байна.
Кабул хотын гудамж талбайд зуу зуун хүн майхан босгож амьдарч байгаа бол мянга мянган хүн Афганиас гарахаар зэхэж байгаа энэ үеэр НҮБ-ын хүнсний агентлаг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцохоор яарах бус харин тус улсын иргэдэд хоол, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр чармайж байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Афганистан дахь салбарын орлогч захирал Эндрю Паттерсон: “Олон улсын хамтын нийгэмлэг Афганистанаас гарснаар тус улс аль ч талаараа санхүүгийн хямралтай нүүр тулж байна. Хямралаас гарахын тулд одоогийн байдлаар 200 сая ам.доллар шаардлагатай. Хэрэв Афганистанд явуулж байгаа үйл ажиллагаа түүний дотроос хүмүүнлэгийн үйл ажиллагааны санхүүжилтийг царцаавал тус улсын ард түмэнд гамшиг нүүрлэх болно” гэв.
Талибанчууд тус улсын төрийн эрхэнд гарахаас ч өмнө Афганистан олон улсын тусламж дэмжлэгт түшиглэсэн ядуу буурай орноор нэрлэгдэж байсан юм. Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдлаас болж хүмүүнлэгийн байдал улам дордох төлөвтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлээд байна.
Афганистанд 14 сая хүн ямар нэгэн байдлаар хоол, хүнсээ залгуулахаар тун хүнд нөхцөлд зовж зүдэрч байна. Улаан буудайн үнэ сүүлийн саруудад 25 хувиар нэмэгдсэн бол будаа, улаан лооль, давс, элсэн чихэр гэх мэт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ мэдэгдэхүйц өсөөд байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад цалин мөнгөний асуудал ч хүндэрч эхэлсэн.
Эмх замбараагүй байдалтай байгаа энэ үед хоол хүнс тэжээлийн дутагдалд орно гэдэг төсөөлөхөд маш хүнд байгаа талаар Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Ази дахь бүс нутгийг хариуцсан захирал Жон Айлиефф онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна