“Өнгөрсөн сарын эхэн үеэс эхлэн хөргөлтийн усыг гадагшлуулах зэрэг зарим шинж тэмдэг ажиглагдсан нь реакторын үйл ажиллагааг илтгэж байна" гэж тус тайланд дурдсан хэсгийг “The Wall street” сэтгүүлд нийтэлсэн байна.
НҮБ -ын агентлагийн шинжээчид Йонбен дахь цөмийн реактор 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын эхэн хүртэл ашиглагдаагүй байсан гэж дүгнэжээ. Гэвч Умард Солонгосын цөмийн гол реактор долдугаар сараас эхлэн хөргөлтийн усыг гадагшлуулж байгаа бөгөөд реактороос зайлуулсан түлшнээс плутонийг ялгахын тулд реакторын дэргэдэх лаборатори ашигладаг болохыг тэмдэглэсэн байна.
Таван мегаваттын хүчин чадалтай реактортой цөмийн цогцолбор нь Умард Солонгосын Йонбен дахь цөмийн хөтөлбөрийн гол цөм юм. 2018 оны 9 дүгээр сард Пхеньянд болсон Умард болон Өмнөд Солонгосын хоорондын гурав дахь дээд хэмжээний уулзалтын дараа Умард Солонгос Дунчанни дахь пуужингийн туршилтын талбайгаа хааж, Йонбен дахь цөмийн байгууламжаа бүрэн устгахаа амласан билээ.
Гэвч энэ амлалтын дараа НҮБ-ын Атомын агентлаг Йонбен дахь цөмийн төвийн үйл ажиллагаа үргэлжилж байж болзошгүй гэж мэдэгдсэн боловч тус агентлаг цөмийн байгууламжид нэвтрэхгүйгээр энэ мэдээллийг баталж чадахгүй гэж мэдэгдэж байсан. НҮБ-ын Атомын агентлагийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар БНАСАУ-ын үйлдэл "гүнзгий түгшүүр төрүүлж" байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж байна гэсэн юм.
АНУ-ын тагнуулын байгууллагын өмнөх албан тушаалтнууд “БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг шинэчлэх, Афганистанаас цэргээ гаргах, ОХУ-тай хийсэн хэлэлцээгээ үргэлжлүүлэхээс хамаагүй чухал” гэж онцолсон юм.
Энэ оны 1 дүгээр сард Ким Жон Ун цөмийн зэвсгээ цаашид хөгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тус улсын эрдэмтэд байлдааны цөмийн цэнэгт хошууг жижгэрүүлэх, тактикийн зэвсэг, "хэт том устөрөгчийн бөмбөг" бүтээх чиглэлээр ажиллах болно гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдсан. Гэвч өнөөг хүртэл Умард Солонгосын тал эдгээр төслүүд дээр ажиллаж байсан шинж тэмдэг ажиглагдахгүй байсан. Харин цөмийн зэвсгээр хөөцөлдөх биш улам муудсаар байгаа эдийн засгийн байдал болоод хүнсний хомсдолд анхаарлаа төвлөрүүлж байгаа гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан нь Умард Солонгосыг дутуу үнэлсэн хэрэг болсон гэж CNN агентлагийн Сөүл дэх сурвалжлагч Лаура Байкер онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны хувьд яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч яг одоогоор Умард Солонгос “толгойны өвчин” болсон нэн тэргүүний асуудал биш тул Засгийн газрынхаа бодлогын тэргүүлэх чиглэл болгоогүй байна. Харин Пхеньян дахин цөмийн зэвсгээр хөөцөлдөж эхэлбэл Жо Байдены Засгийн газар "хийх ёстой" зүйлсийнхээ жагсаалтаас Пхеньяны асуудлыг дээшлүүлэх цаг нь болсон гэж ажиглагчид үзэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна