Калифорни муж дахь ойн хээрийн түймэр 191 мянган га талбайг хамраад байна


 Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Калифорни мужийн хойд хэсэгт орших Тахо нуурын эрэг орчмын 30 орчим мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхлээд байна.

Калифорни мужид дэгдсэн “Калдор” ой хээрийн түймрийг унтраахаар 3500 орчим гал сөнөөгчид бүтэн хоёр долоо хоногийн турш ажиллаж байна. Гал түймрийн улмаас 5 хүн бэртэж, 700 орчим үл хөдлөх хөрөнгө сүйдсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлсэн. Мөн түймрийн голомтод байгаа эмнэлгийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрч, тус эмнэлгийн өвчтөнүүдийг нутгийн бусад эмнэлэг рүү шилжүүлжээ.

Орон нутгийн эрх баригчид  даваа гарагаас эхлэн оршин суугчдын амрах дуртай, аялал зугаалгын бүс болсон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг энэ сарын 17-ныг хүртэл хаах болсноо мэдэгдээд байгаа юм.

Калифорни мужийн хэмжээнд том хэмжээний 7 түймэр асч байна. Эдгээрээс хамгийн том түймэр нь  7 дугаар сарын дундуур гарснаас хойш 800 мянган га газрыг хамарсан. Энэ нь Калифорни мужийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан түймэр болоод байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт зарим бүс нутгийг халуун хуурай цаг агаартай болгож, ой хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлсээр байгааг судлаачид онцолсоор байгаа. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал эхэлснээс хойш дэлхийн дулааны хэм нэмэгдсэн. Иймээс олон улсын хэмжээнд хүлэмжийн хий ялгарлыг бууруулах арга хэмжээг ойрын хугацаанд яаралтай авахгүй бол агаарын хэм жилээс жилд нэмэгдсээр байх болно гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Эх дэлхийн өдөрт зориулсан нийтлэлдээ дурдаж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна