Тайланд, Индонези улсууд хөл хориог сулруулжээ


Индонез болон Тайландад шинэ коронавирусний халдварыг хумих зорилготойгоор зарлагдсан хязгаарлалтыг хэсэгчлэн сулруулж байна. Гэхдээ дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд дээрх бодлого илүү чиглэгдсэн аж.

Индонез болон Тайландад өдөрт бүртгэгдэж байгаа шинэ коронавирусний халдварын тохиолдлын тоо тийм ч дорвитой буурахгүй байгаа юм. Тэгсэн хэдий ч дээрх орнууд халдварын эсрэг хязгаарлалтыг султгах алхмыг авсаар байна. Тухайлбал, Индонезийн нийслэл Жакарта хот болон өөр хэд хэдэн бүс нутагт үйлдвэрийн ажилчдыг ажилдаа эргэн орохыг зөвшөөрч эхэлжээ. Гэхдээ коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст л ийм боломж олгож байна.

Үүнээс гадна Жакарта хотын зарим дүүрэг, хороодын сургуулиуд танхимын сургалтаа энэ долоо хоногоос дахин эхлүүлжээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа сургуулиуд танхимаар хичээлээ орж байгаа нь энэ юм. Гэхдээ 12 болон түүнээс дээш насны сурагчид, багш нарыг  вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байна.

Энэ хооронд Тайландын нийслэл Бангкок хотод зоогийн газраас эхлээд зарим төрлийн үйлчилгээ, бизнес хязгаарлалтайгаар үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлжээ.  Бангкок хотын төвийн дэлгүүр, худалдааны газруудын ажилчдад вакциныхаа эхний тунг хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна.

Тайландын Засгийн газар дархлаажуулалтыг аль болохоор түргэсгэхийг зорьж байгаа. Одоогоор тус улсын нийт хүн амын дөнгөж 11 хувь нь л вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа юм.

Ташрамд дуулгахад, мягмар гарагт Индонез улсад 10 мянга 500 гаруй халдварын тохиолдол, 500 гаруй эндэгдэл бүртгэгдсэн бол тус өдөр Тайландад 14 мянга 600 гаруй хүнээс “Ковид-19”-ийн халдвар илэрч, 190 хүн энэ вирусийн улмаас нас баржээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна