Энэтхэгт шалтгаан нь үл мэдэгдэх өвчний улмаас 50 хүн амиа алджээ


Энэтхэгийн хойд хэсэгт оршдог Уттар-Прадеш мужийн нэгээс наймдугаар ангийн сурагчдын хичээлийг есдүгээр сарын 6-ныг хүртэл түр хойшлуулжээ. Учир нь тус мужид өнгөрсөн долоо хоногоос эхлэн шалтгаан нь үл мэдэгдэх халдварт өвчний улмаас 50 хүн амиа алдсан байна. Тэдний 32 нь хүүхэд байжээ. Мөн 100 орчим хүн эмнэлэгт хэвтсэн байна.

Эмч нар шумуулаар халдварладаг денге чичрэг өвчний хүнд хэлбэр байж болзошгүй гэж үзэж байна.

Өвчтөнүүдэд денге чичрэг өвчнийг санагдуулам толгой өвдөх, ханиалгах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Нас барсан хүмүүсээс Ковид-19-ийн халдвар илрээгүй байна. Харин цусны шинжилгээнд нь цусны ялтас эс багассан байсныг тогтоожээ.

Эмч нар шумуулаар халдварладаг денге чичрэг өвчний хүнд хэлбэр байж болзошгүй гэж үзэж байна. Энэтхэгт одоогоор борооны улирал үргэлжилж, шумуулын тоо эрс нэмэгдээд байгаа ажээ.

Денге чичрэг өвчин нь 100 гаруй улсад байдаг халдварт өвчин бөгөөд тэдгээрийн 70 хувь нь Азид бүртгэгддэг байна. Денге өвчний дөрвөн вирус байдаг ба хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад эндэх магадлал тав дахин өндөр байдаг ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна