Ким Жон Ун: Уур амьсгалын өөрчлөлт Умард Солонгосын хүнсний хангамжид заналхийлэл учруулж байна


Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө дэлхийн хамгийн хаагдмал орнуудын нэг болох Умард Солонгост ч мэдэгдэхүйц ажиглагдаж байна. Тус улсын удирдагч Ким Жон Ун уур амьсгалын өөрчлөлт Ардчилсан Солонгосын хоол хүнсний хангамжид ноцтой аюул, заналхийллийг учруулж байгааг үг хэлэх үедээ онцолж, хуурайшилт болон үер усны аюулаас ургац, тариалангаа хамгаалах арга хэмжээг авах үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгчээ.

Өнгөрсөн жил Умард Солонгосын зарим бүс нутаг хэд хэдэн удаа хүчтэй хар салхинд өртсөн. Энэ жилийн тухайд тус улсад хэт халалтаас гадна мөн л ширүүн бороо, үер усны аюул тохиож, тариалангийн талбайнууд өртсөн байна.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун намынхаа улс төрийн товчоон дээр үг хэлэх үедээ байгалийн гамшигт үзэгдэл, түүний хөдөө аж ахуйн салбарт учруулж байгаа хор хөнөөлийг сэрэмжлүүлжээ.

Ер нь ердийн бус үзэгдлүүдийг даван гарах яаралтай арга хэмжээ хэрэгтэй байгааг хэлсэн байна. Ургац алдах хүнсний хангамжид сөргөөр нөлөөлж, хоол хүнсний хомсдол үүсгэх нэг нөхцөл болж байгааг хэлжээ.

Байгалийн аюулт үзэгдлээс гадна олон улсын хориг арга хэмжээ, "Ковид-19" халдвараас сэргийлэх үүднээс зарласан хөл хорио Умард Солонгосын эдийн засагт хүнд цохилтыг өгөөд байгаа юм. Хэдийгээр энэ улсад коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч хилээ хаагаад удаж байна. Энэ шийдвэрээс үүдэн Хятадаас Умард Солонгос руу чиглэсэн бараа бүтээгдэхүүн, хоол хүнсний нийлүүлэлт буурчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна