Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар “Өнөөдөр бид өмнөх Ерөнхийлөгчийн үед Үндсэн хуулийн цэцэд хандсан хоёр хүсэлтээс бүхэлд нь татгалзах саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн турш Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс татгалзаж байна.
Нэгдүгээрт, шүүхийн томилгоо, шүүгчдэд хариуцлага тооцох механизмыг бий болгох чиглэлээр шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хоёр чухал зүйл бий болсон. Тодруулбал, шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх үү, шүүгчдийн сахилгын хорооны гишүүдийг хэрхэн томилох вэ гэдэг асуудлаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тодорхой заалтууд орсон. Үүний дагуу шүүхийн тухай хууль батлагдан гарсан. Үүн дээр өмнөх Ерөнхийлөгчийн үед хориг тавьсан байсан.
Хоёрдугаарт, Авилгатай тэмцэх газрын даргыг өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог байсан бол одоо Ерөнхий сайд санал болгоод УИХ томилно гэсэн үг.
Ийнхүү өнөөдөр хоёр хүсэлтээс бүрэн татгалзах саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлж байна.
Шүүх эрх мэдлийг хараат бус байлгах, нийгэмд шударга ёс тогтоох, бэхжүүлэх чиглэлд баримталж байгаа томоохон шинэчлэл өнөөдөр эхэлж байна.
Бид 2021 оны нэгдүгээр сард баталсан шүүхийн хуулийг цааш нь явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн ажлаа цаашид үргэлжилнэ гэдгийг тодотгож хэлье" гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог. Ерөнхийлөгчийн хувьд уг эрхийнхээ дагуу маргаан үүсгэхээс татгалзаж байгаа юм" гэв.
Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна