Катарын Эмирт ажлын айлчлал хийж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар уржигдар Афганистаны байдал болон тус бүс нутагт аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар авч хэлэлцсэн байна. Энэ нь Афганы дайныг албан ёсоор дуусгах Ерөнхийлөгч Байдены шийдвэр Хятад, Орос зэрэг аюулгүй байдлын бусад сорилтуудад илүү анхаарахад чиглэснээс биш Америк Ойрхи Дорнод дахь түншүүдээ орхих гэсэн бодлого биш юм гэдгийг Арабын булангийн холбоотнууддаа ойлгуулах зорилготой айлчлал юм байна.
Катар нь Ойрхи Дорнод дахь Америкийн холбоотон бөгөөд Америкийн цэргийн командын төв байр, Агаарын цэргийн бааз Катарт байрладаг. Энэ үүднээсээ Америкийн агаараар нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд гадна талаас голлох үүрэг гүйцэтгэж байна. Нөгөө талд Катар нь Талибантай ойр харилцаатай. Одоогоор Афган руу хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байна. Энэ үүднээсээ Катар нь цаашид Афганд болох улс төрийн шийдвэрт голлох үүрэгтэй оролцох төлөвтэй байна. Мөн Талибан хөдөлгөөний олон улстай харилцах асуудлыг эрхэлдэг Улс төрийн төв Катарт байрладаг юм.
АНУ-ын хувьд Афганистанд үлдсэн өөрийн орны иргэд болон Афганы дүрвэгсдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд Катараас дэмжлэг хүсэх, Афганы шинэ Засаг захиргаатай хэрхэн харилцах талаараа холбоотнуудтайгаа зөвшилцөлд хүрэх зорилгоор Катарт өндөр дээд төлөөлөгчдөө илгээж байна. Блинкен Катараас гадна Америк руу цагаачлах бичиг баримтаа хүлээж байгаа Афганы дүрвэгсдийг түр орогнуулж байгаа Рамштейны цэргийн баазад очих зорилгоор Герман улсад айлчлах юм.
Харин Батлан хамгаалахын сайд Остин Катараас гадна Бахрейн, Кувейт, Саудын Арабад айлчлах юм. Тус тусдаа хийж байгаа энэхүү айлчлал Афганистаныг хяналтандаа авсан Талибан хөдөлгөөнтэй ойр харилцаатай Катар улстай дипломат болон аюулгүй байдлын харилцаагаа өргөжүүлэх, нүүлгэн шилжүүлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангахад Катарын улс төрийн нөлөөг ашиглах гэсэн Америкийн чармайлтыг илтгэж байна. Блинкений хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Афган руу хүмүүнлэгийн тусламж оруулах, үлдсэн иргэдээ нүүлгэн шилжүүлэхийн тулд Кабулын нисэх буудлын сүйдсэн хэсгийг сэргээн засварлаж, хэсэгчлэн нээх асуудал багтжээ.
. Энэ үүднээс саяхан Британи, Германы гадаад харилцааны сайд нар Афганистаны байдал болон хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг хэлэлцэхээр Катар руу дипломат төлөөлөгчдөө илгээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна