Афганистаны нөхцөл байдал, Талибаны шинэ Засгийн газрын асуудлаар хэлэлцэх "Их 20"-ийн дээд хэмжээний цахим уулзалт боллоо. Тус уулзалтаар Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Лейен Афганистаны дүрвэгсдийг хүлээн авч буй хөрш орнуудад 1 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм.
"Их 20"-ийн энэ удаагийн цахим уулзалт өргөтгөсөн хэлбэрээр явагдаж байна. Учир нь энэ удаагийн цахим уулзалтад НҮБ, ОУВС, Дэлхийн банкны төлөөлөгчид оролцож байгаа юм. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орны удирдагчид Афганистаны ард түмэнд яаралтай үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, терроризмын эсрэг тэмцэл, хүний эрх, сэдвүүдээр хэлэлцсэн юм.
Цахим уулзалтын хүрээнд Афганистанд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг эрх баригч Талибан бүлэглэл бус олон улсын бие даасан байгууллагуудаар дамжуулан үзүүлэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден онцолжээ.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейений Афганистан болон дүрвэгсдийг хүлээн авч буй хөрш орнуудад 1 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Харин Герман улсын зүгээс Афганистанд 600 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Мөн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов болон Владимир Путины Афганистан дахь тусгай төлөөлөгч Замир Кабулов нар "Их 20" уулзалтад оролцож байна. Талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойш тус улсын олон аж ахуйн нэгж болон компанийн эзэд эх орноосоо дүрвэн гарсан тул эдийн засгийн хямрал туйлдаа хүрч, ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өссөөр байна.
Зах зээлд бэлэн мөнгөний эргэлт байхгүй учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүний дотор хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Ажилтай, орлоготой гэр бүлээ тэжээдэг эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх эрхгүй болсон тул хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хараат болсон байна.
Ингээд "Их 20"-ийн цахим уулзалтаар Афганистаны иргэдэд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн төсвүүд шийдэгдсэн байна. Гэхдээ "Их 20"-ийн орнууд Талибаны Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүйгээр Афганистаны ард түмэнд хэрхэн хүмүүнлэгийн тусламж хүргэх вэ гэсэн хэцүү сорилтын дунд байсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна