Хунтайж Чарльз Скотт Моррисон болон бусад удирдагчийг СОР26-д оролцохыг уриаллаа


Нүүрс олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт ордог Австралийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хуралд оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Харин Их Британийн хунтайж Чарльз Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоныг энэ хуралд оролцохыг уриаллаа.

Ирэх арваннэгдүгээр сард Глазго хотод болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хурал эхэлнэ. Уг хурлаар НҮБ 200 орчим оронтой хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тал дээр төлөвлөгөө боловсруулах юм.

Их Британийн хунтайж Чарльз өчигдөр BBC телевизийн сэтгүүлч Жастин Ровландттай хийсэн ярилцлагынхаа үеэр Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон болон бусад орны удирдагчийг шийдвэрээ гаргаж, дэлхийн дулаарлын эсрэг хамтран ажиллахыг уриаллаа.

Энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэх уг уулзалтыг Австралийн ойрын холбоотон Их Британи улс зохион байгуулж байна. Харин нүүрс олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Австрали уг хуралд оролцохгүй байх магадлал өндөр байгааг ажиглагчид онцолж байгаа юм. Учир нь Скотт Моррисоны Засгийн газар үргэлжлүүлэн нүүрсээ олборлох уу, эсвэл уур амьсгалын эсрэг бусад түншүүдтэйгээ нэгдэх үү гэдэг хэцүүхэн сонголтын дунд гацсаар байна.

Скотт Морисон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хуралд оролцохгүй шалтгаан нь Австралийн ашиг сонирхлыг хязгаарлах томхон сорилтоос зайлсхийж байгаа хэлбэр юм гэж ажиглагчид үзэж байна. Скотт Моррисоны Засгийн газар түүхий нүүрсний олборлолтоо 2030 оноос хойш ч үргэлжлүүлэх, мөн гадагш экспортлосоор байхаа мэдэгдсэн юм.

Гэтэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш дэлхий улаан дохиогоо асаасан тул улс орнууд нүүрсний хэрэглээгээ зогсоож сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ёстой. Хэрэв арга хэмжээ авахгүй бол манай дэлхийн дундаж хэм “хэт халалт руу” явж байна гэж анхааруулсаар байгаа билээ.

Мөн НҮБ 2030 он гэхэд нүүрсний хэрэглээгээ зогсоохыг хөгжингүй орнуудад уриалсаар байгаа. Тэгэхээр Скотт Моррисоны уг хуралд оролцох эсэх шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь Австралийн нүүрс олборлолт нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдтэй зөрчилдөж байгаад гол учир байна гэж ажиглагчид онцолсоор байна.

2015 онд болсон Парисын хэлэлцээрт уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход хувь нэмэрээ оруулна хэмээн 190 гаруй орны удирдагчид гарын үсэг зурсан байдаг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна