Ковид-19 вирусийн халдвараар дахин өвдөх магадлалтай юу?


Хүний биед бактер, вирус гэх мэт аливаа халдварт өвчний үүсгэгч өвчин үүсгэх үед түүнийг биед дахин халдварлаж өвчин үүсгэхээс сэргийлэх дархлааны ой санамжийн эс үүсдэг. Гэхдээ энэхүү санамжийн эс ямар хугацаанд биед хадгалагдах нь тухайн өвчин үүсгэгчээс хамааран харилцан адилгүй.

Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт хүн амын хагас нь хамгийн багадаа нэг тун вакцин тариулаад байна. Вакцин нь халдвар авч хүндээр өвдөх, эмнэлэгт хэвтэх эрсдэлээс бараг 100% сэргийлж байгаа нь тогтоогдсон. Харин өвдөөд эдгэсэн хүмүүст хэр удаан хугацааны дархлал тогтох боломжтой вэ? Дахин халдвар авах магадлал бий юу гэдэг асуудлууд хамгийн их сонирхол татаж байна.

Цар тахлын эхний үед Англи, Швед зэрэг зарим орнууд төдийлөн хүчтэй хөл хорио тавихгүйгээр сүргийн дархлаа тогтоох бодлого баримталсан боловч тархвар судлалын судалгаагаар маш цөөн тооны хүмүүс давтан халдвар авч байгаа нь тогтоогдсон учир сүргийн дархлаа тогтоох бодлого нь хэтэрхий их эрсдэл дагуулах магадлалтай гэж үзээд зарим нэг хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж байв.

Тэгвэл халдвар аваад эдгэх замаар байгалийн дархлаатай болсон хүмүүс хэдий хугацааны дараа дахин өвдөх магадлалтай вэ? Энэ асуултад төгс хариулт олоход тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. Гэвч судлаачид цаг хугацаа өнгөрөхийг хүлээхийн оронд Ковид-19 вирустэй ижил төстэй вирусүүдийн эсрэг дархлаа тогтох хугацаагаар баримжаалан энэ асуултад хариулт олох оролдлого хийсэн байна. The Lancet Microbe сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүнгээр вакцин огт хийлгээгүй халдвар авч эдгэрсэн хүмүүст тогтсон байгалийн дархлаа тухайн хүний биеийн онцлогоос хамааран 3-61 сар байна гэж үзжээ.

Нью Хейвен дахь Йелийн Их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль болон Шарлотт дахь Хойд Каролинагийн Их Сургуулийн хамтарсан баг хүний биед халдвар үүсгэдэг 177 корона вирусын генийг судалжээ. Эдгээрээс 5 нь SARS-CoV-2 вирустэй хамгийн ойрын "садан" болох нь тогтоогдсон бөгөөд үүнд 2002 оны SARS, 2012 оны MERS болон томуугийн вирус хамаарч байв. Мөн эдгээр вирусийн халдвар авч эдгэрээд 128 хоногоос 28 жил өнгөрч байгаа хүмүүсийн цуснаас эсрэг бие болон санамжийн эсүүдийг илрүүлж, дахин халдвар авах магадлалыг нь тооцсон байна.

Судалгааны үр дүнд ийм төрлийн вирусийн халдвар авч эдгэрэх үед үүссэн дархлал нь хамгийн багадаа 3 сар, хамгийн удаандаа 61 сар, дунджаар 16 сар хугацаанд халдвараас хамгаалах боломжтой гэсэн дүгнэлт хийжээ. Судалгааны хамтран удирдагч Хойд Каролинагийн Их Сургуулийн биоинформатик ба геномикийн дэд профессор Алекс Дорнбург хэлэхдээ: “Вирусийн шинэ хувилбар гарч ирэх тутамд дархлалын тогтолцооны вирустэй тэмцэх чадвар суларч байна. Иймээс цар тахлын эхэн үед халдвар авсан хүмүүс сүүлд гарч ирсэн шинэ хувилбаруудын эсрэг бараг дархлаагүй болсон байгаа гэж ойлгож болно. Тэдний дахин халдвар авах эрсдэл нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр байгаа” гэжээ.

Харин вакцин хийлгэх замаар дархлаажсан хүмүүсийн хувьд үүссэн дархлаа нь хэдий хугацаанд хамгаалах боломжтой талаарх судалгаа хийгдсээр байгаа боловч ихэнхи судалгаанууд мэдээллийн РНХ-д суурилсан вакцинууд болох Pfizer BioNtech болон Moderna-гийн вакцинууд дээр төвлөрч байна. 2021 оны 6-р сарын 21-нд Nature сэтгүүлд хэвлэгдсэн туршилтын үр дүнгээс үзэхэд мэдээллийн РНХ-д суурилсан вакцины дараа 1 жилийн хугацаанд халдвараас хамгаална гэж үзсэн.

Иймээс цаашид нийт хүн амыг богино хугацаанд дархлаажуулах шаардлагтай байгааг тус судалгааны багаас анхааруулж байна. Учир нь дархлаажуулалт сунжрах тусам вирус илүү олон хүнд дамжин халдварлах замаар мутацид орж дархлаанаас зугтаах боломж нь нэмэгдэхээс гадна халдвар авч эдгэрсэн байгалийн дархлаатай хүмүүсийн вирусийг устгах дархлаа чадамж улам бүр буурч, нэмэлт дархлаажуулат хийх хэрэгцээ шаардлага нэмэгдэх болно.

Эх сурвалж: The Lancet Microbe




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна