Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан хил, гааль, хилийн боомтууд дахь нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрээр Ажлын хэсгийн хүрээнд газар дээр нь ажиллаад ирсэн юм.
Тэрээр хэлэхдээ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод сүүлийн 3 хоног коронавирусний халдварын тохиолдол илэрсэнгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас манайд ирүүлсэн санал хүсэлтээр халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд, түр горимоор нээж, бараа материал хил дээр түгжигдсэн ачаа контейнерийг солилцохоор хоёр талаасаа тохиролцсон гэв.
Эрээн хотод коронавирусний халдварын тохиолдол дахин илрэхгүйгээр 20 хоновол хилээ нээнэ. Хил дээрх тээврийг түр горимоор явуулахаар тохиолцоод байна.
Ер нь бол тухайн бүсэд тээвэр хийж байсан жолооч нарын ажил хумигдаж байгаа учир тэднийг дотоодын тээвэрт түлхүү оруулж, шилжүүлэх зохицуулалтын нөхцөл байдал үүсэж байгаа. Жолооч нар бухимдалтай байгаа ч энэ нь хүн амаа хүнсний ногоо, импортын бараагаар хангах 3 сая иргэний том эрх ашгийг бодох учиртай. Тиймээс хоёр талын тохиролцсон, Хятадын талаас тавьж буй түр горимын дагуу тээвэрлэлтийг явуулахаар газар дээр нь шийдээд байна.
Гашуунсухайтын боомт дахь тээврийн нөхцөл байдал нэг үеэ бодвол харьцангуй журамлагдан горимд орж хэвийн явж байна. Чингэлэгт тээврийн терминалийн ажлыг туршитын түвшинд өнгөрсөн 7 хоногт амжилттай хийж гүйцэтгэн эхлүүлэх гэж байна. Энд өдөрт 500-600 автомашин нүүрс тээвэрлэн нэвтэрч эхлээд байна. Өнгөрсөн 2-3 дугаар улиралд хүндэрч байсан байдалтай харьцуулахад амжилттай явагдаж байна. Шивээхүрэн боомт хаалттай байгаа ч мөн л Эрээн хот шиг халдварын тохиолдол дахин гараагүй нөхцөлд түр горимоор нээхээр тохиолцоод байна гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна