Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд тавьж буй төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэхдээ БНХАУ-ын төмөр замтай хэрхэн холбогдох нь тодорхой бус байсан юм. Харин саяхан БНХАУ-тай нэгдсэн ойлголцолд хүрч, уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.
Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийлээ.
Тэрээр "Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын огтлолцлын цэгийг нотоор баталгаажуулах тухай асуудлыг Засгийн газраар хэлэлцүүллээ. Гашуунсухайт, Ганц модны боомтыг холбосон төмөр замыг энэ цэгээр холбоё гэсэн манай улсын саналыг БНХАУ энэ сарын 12-нд хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн нот бичгээ ирүүлсэн. Уг бичгийг нь Засгийн газраар хэлэлцүүллээ. Засгийн газар дэмжиж гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт олголоо. Төмөр замын огтлолцлын цэг тодорхой боллоо гэсэн үг. Одоо БНХАУ-ын "Чайна Энержи", манай улсын "Тавантолгой төмөр зам" компани ажлаа уялдуулах ёстой. Ямар царигаар холбогдох, яавал илүү эдийн засгийн үр өгөөжтэй вэ гэдгийг нь энэ хоёр компани шийднэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна