Хөшөө дурсгал гэдэг тухайн улс үндэстний түүх, соёлыг илэрхийлж, мөнхлөх учиртай. Түүнчлэн хотжилт, тохижилтын үүрэг гүйцэтгэх нь бий. Түүгээр ч зогсохгүй үл хөдлөх дурсгал гэх нэрийн дор соёлын өвд бүртгэгддэг. Тэгэхээр чухал хэрэгцээтэй эд гэдэгтэй маргах учиргүй. Гэхдээ аливаа зүйлийн тун хэтэрвэл хор болдгийн адилаар манай улсад хөшөө дурсгалын тоо ширхэг хэт олширч, агуулга, бэлгэдэл утгаа алдлаа. Товчхондоо, Монгол Улс нэг хүнд ногдох хөшөөний тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэх егөөдөл үнэний ортой болжээ. Ингэж жил бүхэн энд тэнд зуу зуун хөшөө сүндэрлэж буй нь учиртай. Хөшөө барих нэрээр хөлжсөн хүн ч манайд цөөнгүй бий.
2015 оноос хойш тооллого хийсэнгүй
2015 оны байдлаар Монгол Улсад 2,102 хөшөө дурсгал тоологджээ. Үүний 500 орчим нь нийслэлд бий. Харин аймгаар нь авч үзвэл, Ховд аймагт хамгийн олон буюу 320 ширхэг хөшөө байдаг аж. Гэхдээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд цөөнгүй хөшөө, дурсгал шинээр бий болсон. Гэвч 2015 оноос хойш энэ төрлийн тооллогыг хийгээгүй байна. Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд, “Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд зохион байгуулна” хэмээн заасан байдаг. Тэгэхээр хуулийн хүрээнд өнгөрсөн жил буюу 2020 онд тооллого хийх учиртай. Гэвч цар тахлын улмаас тооллого өнөө хэрнэ зохион байгуулаагүй байна. Тиймээс манайд хэчнээн тооны хөшөө, дурсгал байгаа талаарх сүүлийн үеийн тоо, мэдээлэл хомс байлаа.
Хүнээс илүү хөшөөг чухалчилсаар ирэв
Хөшөөнд зарцуулсан улсын мөнгө “уйлдаггүйн” жишээ олон бий. Тэдгээрээс олон нийтийн шүүмжлэл дагуулсан заримыг нь онцольё.
Энэ мэт утга, агуулга, хийц хэлбэр нь тодорхойгүй хөшөө, дурсгалууд Монгол орны энд, тэндгүй сүндэрлэж байна. Түүгээр ч зогсохгүй аль мөнгөтэй нь хэн дуртай хүнийнхээ хөшөөг босгодог болжээ. Уг нь хөшөөнөөс илүү хөрөнгө оруулалт шаардлагатай салбар манай улсад нэжгээд бий. Сүүлийн жишээ гэхэд л ирэх оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэх нэг ч төгрөг тавиагүй атлаа 32 тэрбум төгрөгөөр Богд Зонхова хөшөөт цогцолбор байгуулахаар тусгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Баталсан төсвөө үзээгүй сонсоогүй мэтээр мэдэн будилж буй гишүүдийн мэдэгдэл дундаас уг цогцолборын анхны төсөвт өртөг 5 тэрбум төгрөг байсныг мэдэж авлаа. Чухам ямар замаар нэмэгдсээр 32 тэрбумд хүрснийг тайлах хүн олдсонгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр ирэх оны төсөвт Богд зонхова цогцолбор шиг төсөвт өртөг нь өссөн 100 гаруй обьект бий ажээ. Татвар төлөгчдийн мөнгийг энэ мэт хэрэггүй, ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулчихаад эцэст нь бүгд зарлагдаагүй тендер болж хувирах вий.Төсвийн мөнгө уйлахгүй юм даа.
Эх сурвалж: eagle.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна