Н.Түвшинбаяр аваргын хэрэгтэй холбогдуулж Т.Ганзул, Б.Гал-Эрдэнэ нараас мэдүүлэг авна

Админ
2021/12/09

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны  21 цаг 29 минутад Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Залуу Монгол корпорацийн байранд Булган аймгийн эрх мэдэл бүхий хүмүүс архидан согтуурч, үл ялих шалтгаанаас үүдэн маргалдаж улмаар Улсын начин Э.Энхбатыг ухаангүй болтол зодож хүнд гэмтээсэн билээ.

Энэхүү хэрэг өдгөө шүүхийн шатанд ирсэн ч хавтаст хэргийн хуудас дутуу гэх шалтгаанаар прокурорын шатанд буцаагдсан байна. Энэ үеэр хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс хэргийн газрын санаатайгаар орхиж явсан гэх үндэслэлээр шалгах тухай хүсэлт гаргасан аж.

Энэ дагуу Засгийн газрын Хэвлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул болон Булган аймгийн ИХТ-ын дарга Б.Гал-Эрдэнэ нараас нэмэлт тайлбар мэдүүлэг авахаар болжээ.

Дээрх хэрэг гарсан өдрөөс хойш өдийг хүртэл Монголын бөх сонирхож хүндэтгэл үзүүлдэг олон иргэд сэтгэл зовнин хүлээсээр. Ийм хэрэг юуны учраас үүсэв гэдэгт олон хүн одоог хүртэл эргэлзсээр байдаг. Учир нь Н.Түвшинбаяр согтуурсан үедээ хатуу зүйлээр Улсын начин Э.Энхбатын толгойн тус газарт олон удаа цохиж хүнд гэмтэл учруулсан өдрөөс хойш ухаангүй ороогүй хэвээр найман сар болж байна.

ХЭРЭГ ГАРДАГ ӨДӨР...

Хэрэг гарсан өдөр одоогийн Булган аймгийн ИХТ-ийн дарга Б.Гал-Эрдэнэ хувийн эзэмшлийн компанийн оффис тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус аймгийн ИХТ-ийн төлөөлөгч Д.Эрдэнэбат, Э.Энхбат нар хамт архидан согтуурсан. Энэ үеэр тэдэн дээр Н.Түвшинбаяр одоогийн Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын даргаар ажиллаж буй Т.Ганзул хоёр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн ирсэн байдаг. Улмаар тэд хамтдаа архидан согтуурч байгаад Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг үлдээгээд гарсаны дараа зодолдож эхэлжээ.

 ХОХИРОГЧ Э.ЭНХБАТ УХААНГҮЙ ХЭВЭЭР

Тэр өдрөөс хойш Улсын начин Э.Энхбат БНСУ-д олон сар эмчилгээ хийлгэсэн ч ухаан ороогүй хэвээр. Тэр өдөр байсан олон эрх мэдэл бүхий этгээдүүд тусалж байгаа гэх нэрийдлээр олон нийтээс хандив хүсч, өөр өөрсдийн нэрийг хамгаалсаар өдийг хүрсэн.

Тэр ч бүү хэл гэмт хэрэг болоход шууд бус замаар нөлөөлж, асуудлыг даамжруулсан нөхдүүд өдгөө өндөр дээд албан тушаалд томилогдон юу ч болоогүй мэт явж байна. Харин үүний цаана Э.Энхбатын гэр бүлийн гишүүд олон сар горьдлого тээж, нүдээ нээх болов уу гэж найдсаар суугаа.

ТЭДЭНД ЁС ЗҮЙ АЛГА!

Гэтэл хамт архидан согтуурсан нөхдүүд ар гэрийг нь эргэж, хүний ёсоор нэг удаа уучлалт гуйсангүй. Олон нийтийн өмнө өөрийнх нэр зухалзах вий гэхээс айж, асуудлыг дараад өнгөрөх сонирхол олон хүнд байсаар. Тэдний нэг нь Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын даргаар ажиллаж буй Т.Ганзул юм. Учир нь, зарим эх сурвалж, Т.Ганзулаас болж маргаан үүссэн байж болзошгүй гэсэн мэдээллийг өгсөн. Мөн Булган аймгийн Засаг дарга Н.Түвшинбаярт хандан “Э.Энхбатыг сургаж, алганы амт үзүүл” гэж ятгасан гэх албан бус мэдээлэл хөвөрдөг.

Одоо Булган аймгийн гэх тодотголтой эрх мэдэлтэй эрхмүүд өдгөө чимээгүй суусаар байгаа нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд буй. Тэд  хамт байсан нэгнийх нь амь дээсэн дөрөөн дээр байхад албан тушаал, амбиц хөөж яаж чадаж байгааг хүн ёсны зүгээс тайлбарлах үг олдохгүй биз ээ. Яагаад ар гэрийг нь эргэж сэтгэлийг нь дэвтээж, уучлалт гуйхгүй байна вэ. Хуулийн байгууллагаар шалгагдаад хоёр хүний зодооноос үүдсэн гэж буй ч тэд тэнд байж ямар нэгэн байдлаар асуудалд оролцсон. Тэд өдгөө арьсаа хамгаалж суухын оронд нэгдэж Э.Энхбатыг хөл дээр нь босгож, ар гэрт нь учруулсан зовлонг нимгэлэх ёс зүйн өчүүхэн хэлтэрхий алга байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна