Францад “Ковид-19” вакцины хуурамч гэрчилгээ 400 орчим хэрэг илэрчээ


Франц Улс “КОВИД-19”-ийн вакцины хуурамч гэрчилгээтэй холбоотой 400 орчим хэрэг үүсгэн мөрдлөг шалгалт явуулж байна.

Тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманины мэдэгдсэнээр “Манай улсад эрүүл мэндийн нэвтрэх бичиг буюу вакцинд хамрагдсан, эсвэл шинжилгээний сөрөг хариутай, коронавирус тусаад эдгэрснийг нотлох баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэдэн мянган тохиолдол илэрчээ. Ийм хуурамч гэрчилгээг зарсан асуудлаар 400 орчим хэрэг үүсгэсэн байна. Энэ хэрэгт эмнэлгийн ажилтнууд ч холбогдсон” гэдгийг Дотоод хэргийн сайд тэмдэглэжээ. Гэхдээ хэдэн хүнийг саатуулсан тухай мэдээлэл алга.

Парисын бүсийн эмнэлэгт нэгэн эмэгтэй вакцинжуулалтын хуурамч гэрчилгээтэй нь тогтоогдсоны дараа “КОВИД-19”-ийн хүндрэлээр нас барж, энэ асуудал Францын хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм. Тухайн үед энэ эмэгтэйг вакцин хийлгээгүй гэдгийг мэдсэн бол эсрэг биетээр эмчлэх боломж байсан гэж эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, Францын Засгийн газар “эрүүл мэндийн нэвтрэх бичиг”-нийхээ дүрэм журмыг чангатгасан байна. Францын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудын бараг тал хувь коронавирустэй өвчтөнөөр дүүрч, зарим бүс төлөвлөгөөт мэс заслаа хойшлуулахаас өөр аргагүй болсон. Мөн 100 гаруй хүн өдөр бүр “КОВИД-19”-өөр нас барж байна гэдгийг “Ассошэйтед Пресс” хэвлэлд тэмдэглэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна