Э.Төмөрчөдөр: Хүүхдээ урт хугацаанд хөхөөрөө хооллосноор хөхний хорт хавдар үүсэх эрсдэлтэй


Хавдар судлалын Хөхний төвийн мэс заслын их эмч Э.Төмөрчөдөртэй хөхний хорт хавдрын үндсэн шалтгааны талаар болон эмчилгээ, оношилгооны талаар ярилцлаа. 

Хавдар судлалын Үндэсний төвийн Хөхний төв шинээр байгуулагдаж байгаа юм байна. Хөхний хорт хавдрын талаар тайлбарлавал?

ХӨСҮТ-д Хөхний төв байгуулагдаад хоёр сарын хугацаа өнгөрч байна. Үндсэн төв байгуулагдахаас өмнө үйлчлүүлэгчид нэг сар гаруй хугацаанд хүлээлж тусламж, үйлчилгээ авч байсан. Харин үндсэн төв байгуулагдсанаас хойш 2-3 хоногийн дотор эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой болж, ачаалал буурсан. Хөхний хорт хавдар нь хортой, хоргүй гэсэн хоёр төрөлтэй. Хавдар нь хөхний уутанцар эсвэл сүү дамжуулдаг сувгийн дотор талд бий болсон хавдрын эсээс үүсдэг. Хөхний хорт хавдраар зөвхөн эмэгтэй хүн өвчилдөггүй. Эрэгтэйчүүдийн 1-5 хувь нь өвчлөх тохиолдол байдаг.

Хөхний хорт хавдрын талаар иргэд хэр мэдээлэлтэй байдаг вэ. Урьдчилсан сэргийлэх үзлэгт хэр их хамрагддаг бол?

 Хөх нь өвдөж, хөндүүрэлсэн иргэд өөрсдөдөө онош тогтоон манай төв дээр ирдэг. Уг нь эхлээд харьяа дүүргийн эмнэлэг дээр очиж тодорхойлолт аваад, үзлэг, оношлогоонд орсны дараа манай төв дээр ирэх ёстой. Иргэд хөхний хорт хавдрын үзлэг оношилгоонд хамрагдах тохиолдол харьцангуй их байдаг. Цаашид хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамруулахын тулд бид хорт хавдраас урьдчилсан сэргийлэх мэдээ мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хүргэж байна.

-Хөхний хорт хавдрын үндсэн шалтгаан нь юу вэ?

-Олон шалтгаан бий. Жишээ нь, хүүхдээ урт хугацаанд хөхөөр хооллох, тамхи татах, таргалалт гэх зэрэг олон шалтгаан нөлөөлдөг. Сайн гэх шалтгааны улмаас ээжүүд 4-5 нас хүртэл нь хөхөөрөө хооллодог. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг жил хүүхдээ хөөхөөрөө хооллосны дараа нэмэлт бүтээгдэхүүн өгч болно гэж зөвлөсөн байдаг. Учир нь хүүхэд уургийг 6 сараас нэг жил хүртэлх хугацаанд авахад хангалттай. Урт хугацаанд хөхөөрөө хооллох нь уртавтар тархинд дааврыг ялгаруулах мэдээлэл өгдөг. Тиймээс дааврын ямар нэгэн өөрчлөлт үүсэж хөхний хорт хавдар үүсэх эрсдэлтэй гэж ойлгож болно.

-Хэрвээ хөх хавдаж, өвдвөл заавал эмчид хандах ёстой юу. Монголчууд горьдсон гэж үзээд домын аргаар эмчлэх тохиолдол байдаг шүү дээ? 

-Горьдох гэдэг нь мастит буюу хөхний үрэвсэл. Хөхний толгойгоор халдвар дамжиж ороод үрэвсэл үүсгэж байгаа гэсэн үг.  Хөхний толгойд сүү ялгаруулах 18-20 ширхэг цорго байдаг. Нянгийн халдвар эдгээр сувгийн аль нэгийг бөглөж, үрэвсэл үүсэж идээлэх процессыг манайхан горьдох гэж нэрлэдэг.  Идээт үрэвсэл учраас хүндэрсэн үед мэс заслаар идээг гадагшлуулан эмчлэх шаардлага ч гардаг. Хөхүүл эмэгтэйчүүд бактерийн халдвар авсан учраас халуурдаг. Тиймээс эмийн болон физик эмчилгээг хийнэ. Эмчилгээ үр дүнгүй бол мэс засал хийх шаардлагатай болно. Тиймээс эмчид хандах шаардлагатай.

-Хөхний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Хавдрын шинж тэмдэг нь ямар байдлаар илэрдэг вэ? 

-Жирэмсэн байх үедээ хөхний хорт хавдраар өвдөх нь хамгийн тулгамдсан асуудал болдог. Тиймээс жирэмсэн эх заавал хөхний эхо-д харуулах шаардлагатай. Мөн хөх хөндүүрлэх, хатуу зүйл мэдрэгдээд алга болохгүй удвал заавал хөхний төвд хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Зарим ээжүүд хүүхдээ махан хоолонд оруулчхаад хөхөөрөө давхар хооллодог. Хүүхэд махан хоол идэж байгаа тохиодолд ам нь тодорхой хэмжээнд бактеритай болж болзошгүй байдаг. Улмаар дархлаа суларсан үедээ хүүхдээ хөхүүлснээр хөх үрэвсэж, хорт хавдар бий болгох эрсдэлтэй. Тиймээс хүүхдийнхээ амыг зайлах мөн хүүхдээ махан хоолонд орсон үед хөхөөрөө хооллохгүй байх хэрэгтэй.

-Хөхний хорт хавдрын үед ямар эмчилгээ хийдэг вэ. Бүрэн эмчлэгддэг үү? 

-Хөхний хорт хавдрын үед хэсэг газрын болон системийн эмчилгээ хийдэг. Хэсэг газрын эмчилгээнд мэс засал болон туяа эмчилгээ багтдаг. Харин системийн эмчилгээнд хими, дааврын, эмчилгээ ордог. Хорт хавдрыг эрт шатанд нь илрүүлж,эмчилсэн тохиолдолд бүрэн эдгэрдэг.  Хорт хавдраар өвчилсөн хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсныхаа дараа таван жилийн хугацаанд хяналтад байдаг. Хяналтаас шалтгаалан бүрэн эдгэрэх боломжтой. 

Эх сурвалж: eagle.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна