Нярай нас барсан хэрэгт ээж, хойд ээжийг нь яллах дүгнэлт гарчээ


Баян-Өлгий аймгийн харьяат, 52 настай эрэгтэй С нь эхнэр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Тэрбээр аймгийнхаа 21 настай Е-тэй гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орж жирэмсэн болгожээ.

Охин амаржиж, эрүүл саруул хүүхэд төрүүлсэн байна. Улмаар С нь эхнэр М-ийн хамт 21 настай Е болон, түүний ээж 58 настай С-тэй уулзаж, төрсөн нярайг үрчлэн авч, өсгөхийг гуйжээ.

Охины ээж С уг хүсэлтийг зөвшөөрч, охиноо ятган дөнгөж төрсөн нярайг С, М нарт албан бичиг баримтгүйгээр үрчлүүлсэн байна.

Гэвч С, М нар хүүхдийг хооллох, асарч халамжлах үүргээ биелүүлээгүйгээс нярай хүүхэд тухайн айлд очсон өдөртөө хэт их уйлснаас амьсгалын болон хоол тэжээлийн дутагдалд орж, нас баржээ.

Шүүхийн шинжээч нярайн биед задлан шинжилгээг хийж, хүүхэд хэт их уйлснаас амьсгалын дутагдалд орсон, шим тэжээлийн дутагдлаас болж нас барсныг тогтоосон байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 52 настай эрэгтэй С-д нярай хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд асрах, мөн үндсэн эрх болох амьд явах эрхийг нь хангах үүргийг үл биелүүлснээс хүүхдийн амь нас хохирсон гэм буруутайд тооцож гурван жил, харин эхнэр М болон нярайн ээж Е, С нарт тус тус хоёр жилийн хорих ялыг оноожээ.

Эх сурвалж: tv7



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна