ХБНГУ-ын Шинэ Засгийн газар цар тахалтай тэмцэхэд бүх хүчээ дайчилна


 Шинэ Засгийн газар цар тахалтай тэмцэх, эрчим хүчний шинэчлэлт болон байгаль орчныг хамгаалах, Европ тивийн хэмжээнд эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлд голчлон анхаарч ажиллах юм байна.

Германы Канцлер албан тушаалдаа очсоноосоо хойш анх удаа парламентдаа хийж хэрэгжүүлэх бодлогоо танилцуулсан нь энэ болж байна. Түүний Засгийн газрын хувьд, эрчим хүчний шинэчлэлт болон байгаль орчныг хамгаалах өмнөх засгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 2030 он гэхэд нөхөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 65-80 хувьд хүргэж нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа.

Мөн нийгмийн халамжийн бодлогыг шинэчлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн халамж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох тухай үндсэн дотоод бодлогуудаа танилцууллаа.

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц: “Бидний өмнө маш том сорилтууд хүлээж байна. Юуны түрүүнд бид энэ цар тахлын эсрэг тэмцлийг хамгийн шийдэмгий байдлаар хийх болно. Бид энэ тэмцэлд ард түмнийхээ хамтаар даван туулж гарч чадна. Хамгийн гол нь иргэн бүр дархлаажуулалтдаа хамрагдах нь чухал байна. Энэ оны эцэс гэхэд манай улсын нийт хүн амын 80 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байх гэдэг томоохон зорилтыг тавин ажиллаж байна” гэв.

Харин гадаад бодлогын тухайд Герман улс Европын холбоотой нягт хамтран ажиллаж, дотоод эв нэгдлийг эрхэмлэнэ гэв. Мөн Орос, Украины асуудлаарх Германы байр суурийг хэвээр хадгалах боловч Европын түншүүдтэй нэгдмэл байр суурийг баримталж ажиллах тухай үндсэн бодлогоо танилцууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна