С.Чимидцэрэн: Вакцин хийлгэх хүсэлгүй иргэд нийгмээс өөрсдийгөө тусгаарла


Анагаах ухааны доктор, дэд профессор, Монголын дархлаа, бичил судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга С.Чимидцэрэнтэй дархлаажуулалтын гуравдугаар тун болон дархлаажуулалтын ач тусын талаар ярилцлаа.

-Гуравдугаар тунг тариулснаар хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

-Зөвхөн Ковид-19 биш маш олон халдварт өвчнийг вакцины нөлөөгөөр л хамгаалагддаг. Тэр олон вакцин бүр дээр нэмэлт тунгууд шаардлагатай болдог. Учир нь вакцины нөлөөгөөр үүссэн дархлааны хариу урвалын үр дүнд бидний биед тухайн халдварыг эсэргүүцэж буй эсүүд нийлэгждэг, тэр эсүүд тодорхой хугацааны дараа хэмжээ нь буурдаг. Тийм учраас нэмэлт тун хийсэн тохиолдолд энэ алдагдсан эсүүд маш богино хугацааны дараа илүү хүчтэй дархлааг бий болгодог.

-Вакцин сольж хийлгэж байгаа асуудал хэр үр дүнтэй вэ? Нэмэлт тунгийн хувьд эхний хоёр тунгаас өөр вакцин хийлгэж болох уу?

-Вакцин үйлдвэрлэгчид болон бусад судалгаа шинжилгээний лабораториуд, эрүүл мэндийн байгууллагын судлаачид, эрдэмтэд Ковид-19 цар тахал гарснаас хойш тасралтгүй судалгаа хийж байгаа. Судалгааны үр дүнд тухайн вакцины нэмэлт тунг тэр вакцинаар хийлгэх болон өөр вакциныг сольж хийх нь маш их туршилтын эцэст нэлээд хувь нь вакциныг сольж хийлгэсэн нь үр дүнтэй байна.

Жишээлбэл, хоёр тун Вероселл вакцин хийлгээд нэмэлтээр Файзер хийлгэж байгаа нь тодорхой үр нөлөө өгч байна гэж томоохон эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. Мэргэжилтнүүдийн зүгээс вакцин хольж хийлгэх нь ямар нэг харшлах зүйл байхгүй, харин ч илүү үр дүн үзүүлж байна.

-Нэмэлт тунгийн асуудал дээр иргэд сөрөг хандлагатай байгаа мэргэжлийн хүний хувьд таны байр суурь ямар байгаа вэ?

-Иргэдийн сөрөг хандлагын хувьд цэвэр мэдээлэл муутай холбоотой. Бидний хувьд өмнө ийм цар тахал, нийтийг хамарсан вакцинжуулалттай нүүр тулж байсангүй.

Гэхдээ Монгол улсын хувьд 2009 оноос дархлаажуулалтын хуулийг дагаж мөрдөн ажилладаг бөгөөд манай улсад төрсөн бүх хүүхэд дархлаажуулалтад хамрагддаг. Дархлаажуулалт хэр чухал вэ гэдгийг бүх хүүхэдтэй хүмүүс мэдэж байгаа. Ковид-19 гэдэг бол шинэ халдвар үүнтэй холбоотой ард түмний мэдээлэл арай бага байна. Нэмэлт тун гэдэг бол угаас шинжлэх ухаанаар батлагдсан зүйл.

Жишээлбэл, Бидний үр хүүхдүүд төрснөөс хойш 24 цаг, 2, 3, 4, 9 сар, 2 настайд нь вакцинд хамруулснаар дархлаа бүрэн тогтлоо гэж үздэг.

Ковидын вакцин бол дээрх жишээтэй адил. Үүнийг л хүмүүс ойлгуулах хэрэгтэй. Вакцины дараа тогтож буй дархлааны урвалыг вакцин үйлдвэрлэгчид 6 сараас 1 жилийн хугацаанд хамгаалах чадвартай гэж үзэж байсан бол маш олон судалгааны үр дүнд мөн вирусын мутацаас хамааран гурваас дөрвөн сарын дараа, зарим вакцины хувьд 21 хоногоос 70 хоногийн дотор буурч байгаа. Үүнтэй адил судалгаанууд Монгол улсын хэмжээнд хийгдэж буй нь Олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж буй юм. Бидний хувьд судалгаа шинжилгээнд суурилан вакцины нэмэлт тун хийлгэх нь зүйтэй юм.

-Дөрөв дэх тунгийн асуудал ДЭМБ болон ЭМЯ дээр яригдаж байгаа энэ тал дээр мэдээлэл өгнө үү?

Цар тахлын нөхцөл байдал мутацаас хамааран хагас жил тутам, цаашлаад улирал тутам ковидын вакцин хийлгэхийг үгүйсгэхгүй. Бид цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй.

Дэлхий даяар тахал хэлбэрийн өвчний тархалт нэмэгдэхэд: 

  •  хөл хорио, 
  •  хүн хоорондын зай, 
  •  урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах. 

Үүн дээр нэмээд дархлаажуулалт маш чухал. Мэргэжилтнүүдийн харж буйгаар цар тахлын нөлөөгөөр вакцины судалгаа хийгдэж илүү хурдацтай Ковидын вакцин гарсан. Энэ бол маш азтай үйл явдал. Вакцин байхгүй байсан бол дэлхий даяар хэдэн хүн өвдөж, хэчнээн хүн нас барах байсныг хэлэхэд бэрх. Ямар ч байсан одоогоос илүү хүнд нөхцөл байдалд орох байсан байх. Тийм учраас дараа дараагийн нэмэлт тунгууд хийгдэж магадлалтай.

-Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдэд хандан юу гэж сануулах вэ?

Яагаад энэхүү цар тахлаас дэлхий нийтээрээ айж байна вэ? Гэвэл энэ вирусийг үүсгэгч өөрөө их аюултай болоод байна. Өөрөөр хэлбэл, бидний биеийн бүх эд эсүүдэд халдварлаж, эмзэгшүүлэх аюултай. Дээр нь бусдад халдааж, гэмтээх үр нөлөө нэмэгдэж байна. Ковид өөрөө аюултай учир, эргээд хүний биед засаж баршгүй үр нөлөөг өгч байгаа.

Ковидоор өвчлөхгүй байх шинжлэх ухаанд суурилсан хамгийн үр дүнтэй ч арга бол вакцин юм. Вакцинд хамрагдсанаар өвчлөлөөс илүү сайн хамгаалагдах боломжтой. Магадгүй хамрагдах хүсэлгүй иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хүмүүсээс болон нийгмээс өөрсдийгөө тусгаарла. Дээрх арга хэмжээг авч чадвал заавал дархлаажуулалтад хамрагдах шаардлагагүй. Гэвч таны хажууд халдвар үргэлж бий гэдгийг санаарай.

-Ярилцсанд баярлалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна