Төрийн ордныг Улаанчулуут руу нүүлгэх үү


Нийслэл Улаанбаатар хотын захиргаа Яармаг руу нүүж байна. “Хотын захиргаа хотынхоо авто замын түгжрэл хамгийн ихтэй газар руу нүүж байна” гэдэг мэдээ иргэдэд таалагдав. Нийслэлийн захиргааг хотын төвөөс гаргах асуудал өмнө нь нэг бус удаа хөндөгдөхдөө хотын төвийн түгжрэлийг буруулах сэдэвтэй холбогдог байснаас тэр юм. “Нийслэлийн захиргааг Баянхошуу руу нүүлгэх” асуудал яригдах үед энэ шалтгааныг голлож “Хотын захиргаа хотынхоо яг төвд байгаа учир автомашины хөдөлгөөн их байна, нүүлгэснээр хотын төвийн түгжрэл багасна” гэж сурталддаг байв. Сая нийслэл Яармаг дахь шинэ байрандаа тухлахаар ачаа бараагаа зөөж эхлэхэд “Хотын түгжрэл буурах нь, ашгүй” гэж хүлээж авч байгаа иргэн багагүй байгаа харагдсан. Олон жил явсан суртал ухуулгад автагдсаны шинж л дээ. Үнэндээ бол нийслэлийн удирдлагууд нэгэнт барьчихсан шинэ ордондоо орж, саруулхан том, том өрөөнүүдэд тухлах гэж байгаа болохоос хотын түгжрэлийг бууруулахтай ямар ч холбоогүй юм. Нийслэлийг Яармаг руу нүүлгэх асуудал яригдаж байхад Яармагийн зам одоогийнх шиг түгжрэлтэй байгаа ч үгүй.

Хотын төвийн түгжрэл буурах тухайд, оронд нь шүүх нүүж орно. Нийслэлийг бодвол цомхон ч иргэдийн хөл байнга дарж байдаг учир хөл хөдөлгөөн нь бараг тэнцэх болов уу. Хотын захиргаа замын түгжрэл хамгийн ихтэй газар руу нүүсэн нь л энэ үйл явдлыг харах ганц зөв өнцөг юм. Дээр хэлсэнчлэн, шийдвэр гаргах үед Яармаг одоогийнх шиг түгжрэлтэй байгаагүй. Гэхдээ түгжирдэг болчихсон үед нь хэлснээрээ нүүгээд орчихно гэдэг муу зүйл биш.

Нийгмийн сүлжээнд нэг иргэн “Хотын дарга нар замын түгжрэл хамгийн их байдаг газар руу нүүсэн юм чинь өөрсдийнхөө ая тухыг бодоод гүүр, гарц нэлээд хэдийг нэмээд барьчих байлгүй дээ” гэсэн нь яг үнэн. Өөрсдийнхөө ая тухыг бодсондоо ч биш, орчинд нь ороод биеэр мэдрээд ирэхээрээ тухайн асуудалд илүүтэй анхаардаг бодитой шийдвэр гаргадаг жамтай. Энэ утгаараа Нийслэлийн захиргаа Яармаг руу нүүснээр хотын удирдлагууд түгжрэлийг бууруулахын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгт иргэд одоо л итгэлтэй болж байна.

Тэгэхээр, Нийслэлийн захиргааг хотын төвөөс нүүлгэсэн юм чинь одоо Төрийн ордны нүүх ээлж. Нийслэл хамгийн тулгамдсан асуудал болох замын түгжрэлтэйгээ ханцуй шамлан тэмцэхээр Яармаг руу нүүсэн гэхээр Төрийн ордныг Улаанчулуутын хогийн цэг рүү нүүлгэчихвэл ямар вэ. Өглөө ажилдаа ирээд цонхоороо хүмүүс сохор зоосны төлөө хэрхэн хөдөлмөрлөж байгааг хараад өөрсдийнх нь гол ажил хөшөө барих биш юм байна гэдгээ ойлгог л дээ. Иргэд бид чинь “Дарга нар одоо ядуурлыг бууруулахын тулд чадах бүхнээ хийнэ дээ” гэж итгэмээр л байна шүү дээ.   

Эх сурвалж: eagle.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна