Цар тахлын улмаас 2020 онд дэлхий даяар 97 сая гаруй хүн ядууралд өртөж, өдөрт дунджаар 2 доллар хүрэхгүй орлоготой байна гэж дэлхийн банкнаас тооцоолж байсан. Тэгвэл энэ оны судалгаагаар ядууралд өртсөн 97 сая гаруй хүний амьжиргаа огт дээшлээгүй, яг хэвээрээ байна гэж Дэлхийн банкны судалгаанд дахин онцолжээ.
Дэлхийн банкны эдийн засагчдын хэлж байгаагаар, дэлхий даяар цар тахлаас үүдэлтэй ядуурлын өсөлт хэвээр үргэлжилж байна. Харин эсрэгээрээ дэлхийн тэрбумтнуудын баялаг, эд хөрөнгө улам өссөн гэжээ. 2020 2021 онууд, дэлхийн даяар ядуурлыг бууруулах тэмцэлд “түүхэн” гэмээр ухралт авчирсан онууд байсан юм.
Учир нь, дэлхий даяар ядууралд өртсөн хүмүүсийн тоо сүүлийн 20 гаруй жилд байгаагүйгээр өссөн гэж Дэлхийн банкнаас мэдээллээ. Тэгвэл дэлхийн хамгийн баян 1000 орчим хүн, цар тахлын үед хөрөнгөө өсгөхөд ердөө есөн сар зарцуулсан бол, ядууралд өртсөн 97 сая орчим хүн эргээд дундаж давхарга руу ороход наанадаж 10 жилийн хугацааг зарцуулна гэж Оксфам Интернэшнэлээс гаргасан “тэгш бус байдлын” тайланд дурдсан байна.
Ази болон Африкийн ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг ашгийн бус байгууллага BRAC International-ийн гүйцэтгэх захирал Шамеран Абед хэлэхдээ, Энэтхэгийн тэрбумтнууд баяжиж, дундаж давхаргын сая сая иргэдийг ядуурлын ангал руу унагаж байна. Харин үүнийг дэлхийн хамгийн баян гурван хүний хөрөнгөний тодорхой багахан хувь нь зогсоож чадна. Гэхдээ ингэх нь тэдний үүрэг биш ч зүгээр л тэдэнд хангалттай нөөц бололцоо байгаа гэдгийг л хэлж байна гэлээ.
Харин дэлхийн баячууд сүүлийн үед хүмүүнлэгийн асуудлаар дарамтад өртөх болоод байгааг зарим ажиглагчид шүүмжиллээ. Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сард НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөрөөс, тэрбумтан Жефф Безос, Илон Маск нарт хандан, дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдэд хөрөнгийнхөө 2 хувь буюу 6 тэрбум доллар хандивлахыг уриалсан юм.
Харин Илон Маск дэлхийн өлсгөлөнтэй тэмцэх 6 тэрбум доллар хэрэгтэй гэсэн төлөвлөгөөгөө нотолж чадвал Теслагийн хувьцаагаа зарахад бэлэн гэсэн хариултыг өгч байжээ. Тэгвэл НҮБ-ээс Дэлхийн өлсгөлөнтэй тэмцэхэд зориулсан зургаан тэрбум долларын төлөвлөгөө арваннэгдүгээр сард танилцуулсан юм. Одоогоор тэрбумтан Илон Маск хариулт өгөөгүй байна. Дэлхийн банкны ядуурал, тэгш бус байдлын асуудал эрхэлсэн захирал Каролина Санчес-Парамо ядуурлыг, “агшин зуурт л бүхнийг хамах” байгалийн гамшигтай зүйрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна