Дүүгийнхээ амийг цасан шуурганаас хамгаалж, өөрөө амь эрсэдсэн С.Золжаргал охиныг "Онцгой үйлстэн”-ээр нэхэн шагналаа


2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаяр эхнэрийн хамт саахалт айлынхаа цагаан сарын буузыг хийхээр явахдаа хүүгээ аваад, 7, 5 настай хоёр охиноо гэртээ үлдээсэн байдаг. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас хувцсаа өмсөөд, гэрээсээ гарсан байна. Гурван километрийн зайтай байрлах саахалт айлынд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдаж, бага охин нь амь аврагдсан юм.

Долоохон настай охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгөн, салхины нөмрөөс дүүгээ хамгаалан тэвэрч, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах байлаа. Амьсгалаа тасартал дүүгээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээр дүүгээ авраад, өөрөө энэ ертөнцөөс бүр мөсөн одсон бяцхан зүрхтэй ч агуу зоригтой баатарлаг эгч болох С.Золжаргалыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар шагналаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.