Энэ сарын 2-нд БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүргийн нэгэн метроны буудлын ойролцоо солонгос иргэд гурван монгол иргэнийг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ асуудалтай холбоотойгоор БНСУ дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд "БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 20:03 цагт Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Шиннунхён метроны буудлын ойролцоо Монгол Улсын гурван иргэн бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээллийг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс “Монгол Улсын гурван иргэнийг солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэж түгээж байна.
ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулсан. Манай улсын найман иргэн хоорондоо маргалдсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй гэж цагдаагийн газар мэдээлсэн. Хэргийг хянан шалгаж байгаа талаар мөн онцолсон" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна