Казахстанд эмх замбараагүй байдлын улмаас 44 хүн амиа алдаад байна


Казахстан улсад үүссэн эмх замбараагүй байдал газар авч одоогийн байдлаар 26 зэвсэгт этгээд болон хамгаалалтын 18 ажилтан амь үрэгдэж, 748 хүн шархадсан гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Мөн тус яамнаас мэдээлснээр 3000 гаруй хүнийг баривчилсан бөгөөд орон даяар 70 хяналтын цэг байгуулсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Казахстаны хамгийн том хотод олон хоног үргэлжилсэн засгийн газрын эсрэг жагсаалыг хүчирхийллийн аргаар дарсны дараа дэг журам үндсэндээ сэргэсэн гэж ерөнхийлөгч мэдэгдсэн ч дахин буун дуу сонсогджээ. Шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй эсэргүүцлийн голомт болсон Алматы хотын төв талбайн ойролцоо буун дуу сонсогдсон гэв. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр хийсэн мэдэгдэлдээ "Улсын бүх бүс нутагт үндсэн хуулийн дэг журам үндсэндээ сэргэсэн ба орон нутгийн эрх баригчид нөхцөл байдалд хяналт тавьж байна" гэсэн юм.

Үймээн самуун болсонд гаднын орнуудад бэлтгэгдсэн террористуудыг буруутгаж, "Зэрлэгүүдийн ажиллагааг бүрэн устгах хүртэл үргэлжлүүлнэ” гэжээ. Мөн Ерөнхийлөгчийн хүсэлтээр Оросын цэргийн хүчнийхэн тус улсад ирээд байна. Тус улсад интернетийн холболт тасарч, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л бага зэрэг хүрч байгаа гэв.

Жагсаал даамжрах үед Ерөнхийлөгч Токаев Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад /ХАБГБ/ хандан дэмжлэг хүсжээ. Тус холбоонд Орос, Казахстан, Беларусь, Тажикистан, Армен улс багтдаг юм. Хилийн чанад дахь цэргийнхэн Казахстан руу 2500 орчим цэрэг илгээжээ. Цэргүүд энхийг сахиулах хүчин бөгөөд төрийн болон цэргийн байгууламжийг хамгаалан ус улсад хэдэн долоо хоног байх болно гэж ХАБГБ мэдэгдэв.

Өнгөрөгч Ням гарагт Казахстанд ихэнх иргэдийн машиндаа хэрэглэдэг шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдэж, үүнийг эсэргүүцэгчид гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн. Засгийн газраас шатахууны үнийн дээд хязгаарыг зургаан сарын хугацаанд сэргээнэ гэж мэдэгдсэн ч энэхүү мэдэгдэл нь эсэргүүцлийн жагсаалыг зогсоож чадаагүй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна