БНХАУ Казахстанд тууштай дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И "Тогтвортой байдлаа хадгалж, эмх замбараагүй байдлыг таслан зогсооход" Казахстанд тууштай дэмжлэг үзүүлнэ гэдгээ даваа гарагт мэдэгдлээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг эмх замбараагүй байдлын эсрэг "Шийдвэртэй бөгөөд хүчтэй санаачилга гаргаж" байгааг нь магтсанаас гурав хоногийн дараа Ван И Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухтар Тлеубердитэй утсаар ярихдаа ингэж мэдэгджээ.

Шатахууны үнийн гэнэтийн өсөлтөөс үүдэлтэй үймээн самуун Казахстаны тусгаар тогтносон 30 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн том, олон нийтийг хамарсан үймээн болж хувирсан.

Даваа гарагт Казахстанд үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн. Казахстаны үндэсний гашуудлын өдрийг тохиолдуулан Гадаад хэргийн сайд Ван И “Казахстанд хүчирхийлэл, терроризмын эсрэг тэмцэлд амь үрэгдсэн фронтын хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, гэм зэмгүй амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.

Мөн тэрбээр тус улсад оршин сууж байгаа хятад иргэдийн аюулгүй байдлыг хангана гэдэгт Казахстанд итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди Казахстан улс ийм нөхцөл байдалд орсон үед Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон казах ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Мөн тус улсын Гадаад хэргийн сайдтай утсаар ярьсан нь хоёр орны ах, дүүгийн найрамдалт харилцааг дахин харууллаа гэж Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна