УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр 2021 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ. Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Э.Сарантогосыг томилохыг 80.8 хувийн саналаар,
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг томилохыг 86.5 хувийн саналаар, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг томилохыг 88.5 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.
Э.САРАНТОГОС ГХЯ-НД 20 ГАРУЙ ЖИЛ АЖИЛЛАСАН ТУРШЛАГАТАЙ
БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос нь 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажиллаж буй. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд орж ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцаж байжээ. Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай дипломатч.
Түүний товч намтар
ХХААХҮ-ИЙН САЙД АСАН П.СЭРГЭЛЭН
Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн нь 2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байсан. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, "Уяач сайд" хэмээн дуудуулж байв. Тэрбээр багш, санхүүч мэргэжилтэй бөгөөд орос, англи хэлтэй.
П.Сэргэлэн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ монгол морийг Гиннест бүртгүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байжээ.
Түүний товч намтар
ГХЯ-НЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ Д.ГЭРЭЛМАА
Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрбээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлний мэдлэгтэй.
Түүний товч намтар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна