АНУ-ын Ореган мужийн судалгааны их сургуулийн эрдэмтэд каннабис сатива ургамалд агуулагдах нэгдлүүд нь “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлдэг болохыг тогтоосон байна.
Шинжлэх ухааны “Journal of Natural Products” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар олсны ургамалд агуулагдах каннабигеролийн хүчил (CBGA) болон каннабидиолын хүчил (CBDA) нь “SARS-CoV-2” вирусийн баяжуулалтын уургийг саармагжуулах чадвартай аж. Өөрөөр хэлбэл, каннабист агуулагдах эдгээр нэгдлүүд нь вирусийн хүний эсэд нэвтэрч, халдвар үүсгэхээс сэргийлдэг буюу зарчмын хувьд вакцинтай ижил үйлчилгээ үзүүлдэг байна.
Түүнчлэн “CBGA” болон “CBDA” нэгдлүүд нь “SARS-CoV-2” вирусийн Альфа болон Бета хувилбарын эсрэг үр дүнтэй болох нь ажиглагджээ.
Улмаар эрдэмтэд каннабисын тос, ханд зэргийг ковидын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор болон эмчилгээнд ууж хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа юм. Судалгааг ахалсан профессор Ричард ван Бримений мэдээлснээр одоогоор судалсан каннабиноид нэгдлүүд нь сүүлийн жилүүдэд анагаах ухаанд өргөнөөр ашиглагдах болсон түгээмэл олдоцтой бүтээгдэхүүнүүд аж.
Тухайлбал, каннабис сатива ургамал нь Зүүн Азийн уугуул ургамал бөгөөд дундад зууны үед хөлөг онгоцны дарвуул, олс зэргийг хийхэд ашигладаг байсан нь дэлхий нийтээр тариалж, өргөнөөр тархах шалтгаан болсон байдаг.
Хамгийн нь гол нь, “CBGA” болон “CBDA” нэгдлүүд нь каннабисын сэтгэцэд нөлөөгүй “CBD” нэгдлийг бий болгоход оролцдог. Өөрөөр хэлбэл, эдгээр нь марихуан дахь сэтгэцэд нөлөөт бодис болох “ТНС” зэрэг мансууруулах үйлчилгээтэй, хяналттай бодис биш юм. Анагаах ухаанд сүүлийн жилүүдэд мансууруулах үйлчилгээгүй “CBD” бэлдмэлүүдийг дархлаа дэмжих хүнсний нэмэлт, хорт хавдар болон бусад өвчний эмчилгээнд өргөнөөр туршиж, хэрэглэх болсон.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна