Америкийн технологийн аварга компани Microsoft бараг $70 тэрбумаар Activision Blizzard компанийг худалдан авч байгаагаа өчигдөр зарлажээ.
Activision Blizzard нь Call of Duty, World of Warcraft, Candy Crash зэрэг алдартай компьютер тоглоомуудын паблишер (зах зээлд гаргасан) компани юм.
Microsoft тус компанийг $68.7 тэрбумаар худалдаж авахдаа төлбөрт нь дан бэлэн мөнгө оролцуулахаар тохиролцжээ. Энэ бол компьютер тоглоомын төдийгүй нийт технологийн салбарын түүхэнд байгаагүй өндөр дүнтэй наймаа юм.
Microsoft-ын өмнөх хамгийн том наймаа нь 2016 онд LinkedIn-ийг $26 тэрбумаар авсан тохиолдол байжээ.
Харин технологийн салбарын түүхэнд бичигдсэн өмнөх хамгийн том нь 2015 онд Dell компани дижитал сторэйж үйлдвэрлэдэг EMC компанийг $67 тэрбумаар авсан наймаа юм.
Xbox үйлдвэрлэгч Microsoft бол компьтер тоглоомын орлогоороо Хятадын Tencent, Японы Sony компаниудын дараа дэлхийд гуравт бичигддэг том компани.
“Компьютер тоглоом бол энтертайнмэнт салбарын хамгийн ирээдүйтэй, хүчирхэг хэсэг бөгөөд метаверс платформын хөгжилд гол үүрэг гүйцэтгэх юм” гэж Microsoft-ын гүйцэтгэх захирал Сатья Наделла хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна