Африкаас Нидерландын нийслэл Амстердам хотын Шипхол нисэх онгоцны буудалд ням гарагт ирсэн ачааны онгоцны дугуйн хэсгээс "туулайчилсан" хүнийг эсэн мэнд олжээ.
Онгоц нисэх үед агаарын температур 50 градус хүйтэн байдаг бөгөөд дугуйн хэсэг бүхээгнээс ялгаатай нь битүү биш учраас ингэж нисэхийг оролддог хүмүүс ихэнхдээ амиа алддаг байна.
Нидерландын цагдаагийн болон хил хамгаалах нэгдсэн албаны хэвлэлийн төлөөлөгч Жоанна Хелмондс "Ачааны Боинг 747 онгоцны урд дугуйн хэсгээс нэг хүн олдсон. Биеийн байдал нь тогтвортой байгаа ч эмнэлэгт хүргэсэн. Нэн түрүүнд бид түүний эрүүл мэндэд санаа зовж байна. Ийм хүйтэнд, ийм өндөрт тэр хүн амьд үлдсэн нь үнэхээр ер бусын ховор тохиолдол" гэв.
Цагдаа болон хэвлэлийнхний таамаглаж байгаагаар тухайн эр Өмнөд Африкийн Йоханнесбург эсвэл Кенийн Найроби хотоос Нидерланд руу ниссэн гэж таамаглаж байна. Йоханнесбургаас Шипхол хүртэлх нислэг 11 цаг үргэлжилдэг аж.
Одоогоор түүний нас, иргэншлийн талаарх мэдээллийг нийтэд ил гаргаагүй байна.
Cargolux Italia авиа компанийн хэвлэлийн төлөөлөгч онгоцноос нь үл таних хүн олдсон тухай мэдээллийг баталсан ч эхлээд тус компанийн зүгээс өөрсдөө шалгалт явуулах шаардлагатай байна хэмээн нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Cargolux-ийн энэ онгоц Йоханнесбургаас нисээд Найробид түр зогссон байна.
Өмнө нь Нидерландад Нигери эсвэл Кени улсаас хууль бус цагаачид ирж байсан тухай нисэх буудлын төлөөлөгч мэдээлжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Голландын хилчид Нигерийн иргэний цогцсыг Шипхол нисэх онгоцны буудалд газардсан онгоцны дугуйн эд ангиас олсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна