БНХАУ, хүнсний хомстол нүүрлэсэн Афганистаны хүмүүнлэгийн тусламж хүргэлээ. Талибаны засгийн газар тусламжаар ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг тус улсын 34 мужаас өлсгөлөн нэрвэгдсэн 10-аад мужид доошгүй түгээж эхэлсэн байна.
Мөн БНХАУ-аас тусламжаар ирсэн 440 тонн будаа зэрэг хүнсний хангамжийг 20 ачааны машинаар хамгийн эмзэг байгаа 10 муж руу тээвэрлэнэ гэж дүрвэгсдийг эх оронд нь буцаах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн Хятадын тусламжаар ирсэн хүмүүнлэгийн хүнсний бусад ачааг ойрын өдрүүдэд бусад муж руу тээвэрлэнэ. Афганистан Хятадаас хандивласан хүмүүнлэгийн хэд хэдэн багцыг хүлээн авсан бөгөөд тус яамнаас тус улсын 34 мужийн эмзэг бүлгийн иргэдэд материаллаг тусламж илгээсээр байна.
Өмнө нь Афганистаны хэд хэдэн мужид хүнс тэжээлийн гачигдалтай олон мянган хүнд Хятадын тусламжийн эд зүйлс гардуулсан байна. Фарьяб судалгаанд хамрагдаж, бүртгэл хийлгэсэн 1100 орчим иргэд тусламжийн багцыг хүлээн авчээ. Хүнсний бус хүмүүнлэгийн тусламжийн багцад хөнжил, өвлийн хүрэм, угаалгын нунтаг саван зэрэг эд зүйлс багтжээ.
Харин Кундуз мужид 1-р сарын 10-нд 300 орчим хүнд ижил төрлийн тусламжийн багц ирж байсан юм. Талибанчууд 2021 оны наймдугаар сарын дундуур Афганистаныг эзлэн авснаас хойш ядууралд нэрвэгдсэн тус улс эдийн засгийн хямралд нэрвэгдсээр байна.
Одоогоор Талибанчууд Афганистанд хяналтаа тогтоосноосоо хойш, барууны төлөөлөгчидтэй анх удаа хэлэлцээ хийхээр Норвегид ирсэн байгаа. Талууд Афганистанд нүүрлээд байгаа хүмүүнлэгийн хямралын талаар хэлэлцэж байна. НҮБ-ын мэдээлснээр Афганистаны иргэдийн 95 хувь нь өдрийн хоолоо залгуулж чадахгүйд хүрсэн бол 55 хувь нь өлсгөлөнд нэрвэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна