Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцууллаа.
Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь, Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг тэргүүлсэн бол Дундговь, Завхан, Булган аймаг сүүл мушгижээ. Тэр дундаа Булган аймаг гурав дахь жил дараалан хамгийн сүүлд оржээ. Мөн аймгуудын өрсөлдөх чадвар өмнөхөө бодоход дунджаар 9 оноогоор урагшилсан байна.
ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Доктор П.Цагаан:
- Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г гаргаад арав гаруй жил болжээ. Аймгуудыг бизнес, дэд бүтэц /зөөлөн, хатуу/, засаглал гэх мэт дөрвөн төрөлд 180 үзүүлэлтээр эрэмбэлдэг. Бид цар тахал, хөл хорионы үед буюу хүнд хэцүү цагт өнжилгүй, ажиллаж чадсан ба тусалж дэмжсэн хүмүүс, байгууллагуудад баярлалаа.
Дорноговь аймгийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил тэргүүлэхэд нь нөлөөлсөн.
Судалгаанаас 2-3 нийтлэг зүйл ажиглагдаж байна. Цар тахалд дасан зохицож, шинэ хэв маягаар ажиллах хандлага руугаа явж байна. Мөн нийгмийн халамж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих төрөл бүрийн бодлогыг барьж байна. Дэд бүтэц, хөрөнгө оруулалт ямар чухал вэ гэдгийг агаар болон газрын хил хаасан тохиолдолд бид мэдэрлээ
Энэ жилийн тайлангийн нэг онцлог нь өнгөрсөн жилОрхон аймаг үргэлж тэргүүлж байсан бол энэ жил Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Тус аймгийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил нөлөөлсөн.
Тайлангаас зарим зүйлийг сонирхуулахад,
Аймаг төдийгүй улс орныг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, бизнес орчинг дэмжих шаардлагатай нь үүнээс харагдаж байна.
ААН-ийн албан татварын тодорхой хувь аймагтаа үлддэг болсон ба хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг аймагтаа татахыг Засаг дарга, удирдлагууд анхаарах хэрэгтэй. Тайлангийн ач холбогдол нь өнгөрсөн нөхцөл байдлаа өнөө цагтайгаа харьцуулж, аймгууд сайжруулалт хийхдээ ашиглаж өрсөлдөх чадвараа ахиулахад чиглэсэн.
Судалгааны эх сурвалж нь статистикийн газар, Монгол Банк, бизнес эрхлэгчдийн санал асуулгыг үндэслэдэг буюу ямар ч улс төрийн нөлөөгүй юм.
Тус судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох явдал юм. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхыг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байна.
Аймгуудын хөгжлийг үнэлэх энэхүү судалгаа нь тодорхой аргачлалын дагуу тогтмол буюу жил бүр боловсруулагдан гарах бөгөөд орон нутгийн өрсөлдөх чадварын ахиц, өөрчлөлтийг хянах боломж олгоно.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм. Ингэснээр ямар аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн, эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болох юм.
Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашиглажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна