АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэрэв ОХУ Украин руу довтолвол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хувийн хориг арга хэмжээ авах талаар бодож үзнэ гэдгээ мэдэгдлээ.
ОХУ Украинтай хиллэдэг хилийн ойролцоо 100 мянга орчим цэргээ байршуулаад байгаа. Тус бүс нутагт хурцадмал байдал газар авч байгаа энэ үед АНУ Украин дахь Элчин сайдын яамныхаа ажилтнуудын ар гэрийг болон иргэдээ Украинаас явахыг уриалаад байгаа юм.
Ерөнхийлөгч Жо Байден “Хэрвээ Путин бүх хүчнийхнээ хөдөлгөвөл энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том халдлага болно. Энэ нь дэлхийд ямар нөхцөл авчрахыг өөрөө мэдэж байгаа" гэжээ.
Мөн түүний засаг захиргаа хэрэв ОХУ халдсан тохиолдолд эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ авахыг анхааруулсан. АНУ-ын засаг захиргааны дээд албан тушаалтнууд энэ арга хэмжээнд санхүүгийн хориг арга хэмжээ авахаас гадна АНУ-ын өндөр технологийн тоног төхөөрөмжийн экспортын хяналт багтаж магадгүй гэж мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өнгөрсөн баасан гарагт уулзаж, Украины асуудлыг мухардлаас гарах гарцын талаар ярилцсан юм. Тэдний байр суурь хэдийгээр хол зөрүүтэй байгаа ч яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна