Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд “Нэг сумаар хоёр туулай” гэдэг шиг урд хөршид албан ёсны айлчлал хийнгээ цагаан олимпийн тамирчдаа дэмжиж явна. АНУ тэргүүтэй зарим улс орнууд Бээжингийн олимпод дипломат хориг тавьж байсан эгзэгтэй цаг үеэр тэрбээр хууль тогтоох байгууллагын индэр дээрээс “олимпийн наадам улс төрөөс ангид байх ёстой. Бээжингийн олимпийн нээлтэд оролцоно” гэсэн мэдэгдлээрээ урд хөршөө хэрэгтэй цагт нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ ч бас мэдрэмж, цагаа олсон шийдэл гэсэн агуулга харагдаад байгаа юм.
Монгол Улс хоёр хөршөөсөө тодорхой хэмжээгээр хамааралтай. Тэр дундаа БНХАУ-аас хэрхэн хамааралтай болсноо Эрээний боомт хаагдсан энэ өдрүүдэд илүү мэдэрсэн байж таарна. Тиймээс мөнхийн хөршүүдтэйгээ мөнхөд эв эетэй байж, сөргөлцөж биш түшилцэж орших зам буй.
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал энэ сарын 3-8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ерөнхий сайд хоёр дахт гадаад айлчлалаа хийж буй нь энэ. Гэхдээ энэ нэг жилийн хугацаанд хоёр орны Ерөнхий сайд нар утсаар ярьж, цахим уулзалт хийж байнгын хэлхээ холбоотой байсан.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьсан. Мөн 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байв. Энэ хэрээр л хоёр орны түншлэл улам ойртоно.
Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал энэ сарын 3-8-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тэрбээр хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ. Өргөн хүрээтэй гэж тодотгож байгааг бодоход олон асуудал, олон шийдэл хүлээж байгаа бололтой.
Айлчлалаас хүлээж байгаа эхний үр дүн бол зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрийн экспорт, Эрээн болон Гашуунсухайтын импорт, экспортын гарцыг нээх явдал байж таарна. Айлчлалын бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн багтаж байгаа. Түүний энэ томилолтын гол зорилго нь зэсийн баяжмалын экспортын саад тотгорыг арилгах явдал юм. Монгол Улсын эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх “Шинэ эргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх том төслийн эхэнд Ерөнхий сайдын хэлснээр “Боомтуудын бойм”-ыг тайлах нь айлчлалын гол зорилго болно. Энэ бол урд хөрштэйгээ ярилцаж хэлэлцэж байх шийдэл юм.
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао бараалхана гэсэн мэдээлэл бас байна.
Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар нарын албаны хүмүүс байлцана гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна