МАН их буугаар буудуулах нь


Үгүй мөн том зүрхтэй нөхөд өө. Яаж бодохоороо 100 гаруй жилийн настай энэ байгууллагыг үгүй хийхийг санаархана вэ. МОНЦАМЭ Монголд төдийгүй дэлхийд данстай мэдээллийн том агентлаг.

МОНЦАМЭ-г Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах, дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай бас баталгаатай эх сурвалж гэдгийг бөмбөрцөг даяараа мэднэ.

Тэртээ 1921 онд энэ агентлаг МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэйгээр байгуулагдаж монгол, англи, орос, хятад, япон гэсэн 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийг бэлтгэн хүргэсээр өдгөө 101 дэх жилтэйгээ золгож буй юм.

Түүнээс гадна Монгол Улсын Аархивын гэрэл зургийн санг баяжуулах, Монгол Улсын түүх, соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн бэлтгэн гадаадын улс орнуудад гаргах, Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамдыг сурталчилгааны гэрэл зургаар тогтмол хангах үүрэг хүлээсэн байдаг.

Хотын төв гудамжаар алхаж яваа иргэд “МОНЦАМЭ” гэсэн зурагт самбарыг одоо ч саатан зогсоод үздэг.

Тус агентлаг нь ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, Полшийн ПАП, Унагрын БТА, Туркын Анадолу, Украины Укpинформ, Америкийн дуу хоолой, Азербайжаны Азертак, Казахстаны Казинформ, Ираны Мер, БНАСАУ-ын Цахилгаан Мэдээний төв агентлаг зэрэг 20 орчим мэдээллийн агентлагтай хамтран ажилладаг. Одоо ч тус агентлаг нийслэл хот, 21 аймаг, ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай ийм л том байгууллага.

Гэтэл өнөөдөр МОНЦАМЭ-г Судалгааны хүрээлэнгийн статустай болгож байгаа нь цаагуураа үгүй хийх гэж танаж хасч буйн илрэл бөгөөд судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд нэртэй сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчид өдөр тутмын мэдээ мэдээлэл бэлтгээд сууж байх юм гэнэ.

Шинэхэн дарга нь ч үүнийгээ нууж хаагаагүй байна. Тэрбээр 3 сар орчим чимээгүй байж байснаа хамт олны шахалт шаардлагаар хуралдмар болохдоо “Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг гэж байхгүй болсон шүү. Цаашид гадаад сурталчилгаа, судалгааны хүрээлэн байдлаар ажиллана” гэж хэлсэн нь тус агентлагийг устгах даалгавартай гэдгийнх нь баталгаа болсон гэхэд нэг их хэтийдсэн болохгүй биз. Тэгээд ч байр, өмч хөрөнгөн дээр нь найрлах нь гэх хардлага ч өөрийн эрхгүй төрж байгаа юм.

Дотооддоо ингэж том тэнэгтдэг юм байж. Тэгвэл хамтын ажиллагаа бүхий гадаадын улс орнууд монЦАМЭ-г үгүйлэх цагт эрх баригчид юу гэж хариулах юм бол оо.

Товчхондоо бол ардын хувьсгалтай эн чацуу МОНЦАМЭ-г татан буулгаж байгаа нь МАН өөрийгөө булшилж байгаагаас ялгаа юун. Бүр тодруулбаас МАН-ын 101 жилийн түүхийн томоохон хэсэг нь моНЦАМЭ шүү дээ. Тэгээд ч болсон болоогүй сайтуудтай МОНЦАМЭ-г адилтган үзэж, өмнөх үе рүүгээ гар буугаар буудаж байгаа бол ирээдүйд МАН их буугаар буудуулж л таарах нь дээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна