Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо

Админ
2025/06/04

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн 09-ний гурван хөх мэнгэтэй хөх луу өдрийн морин цагт /2025.06.04/ Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт ууланд боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Их хар сүлдийг Агуйт уулын оргилд, өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.

Тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.

Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд тайлга нь цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хавыг илтгэн харуулж буй хүндэтгэл юм.

Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн газар юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна