ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙН  ТАРИФ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

Админ
2020/09/03

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан:  Сүүлийн үед цахим орчинд “Цахилгаан дулааны үнэ тарифыг ирэх 10 дугаар сараас хоёр дахин нэмнэ” гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос дараах няцаалтыг хийж байна. Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар баталдаг бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2020 онд цахилгаан болон дулааны эрчим хүчний үнэ тарифт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос хариуцлагатайгаар мэдэгдэж билээ. “Ковид-19” цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна. Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд дотоод нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан байна. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд
  •  Өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах
  • Өндөр өртөгтэй Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах
  • Хямд үнэтэй эх үүсгүүрүүдийг илүү ачааллах  
  • Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлуудыг бууруулж хэмнэлт гаргаж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс цахим орчныг ашиглан цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэдэг худал мэдээлэл тарааж хэрэглэгчдийг төөрөлдүүлж бухимдуулж байгаа этгээдүүдтэй хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно.   Эрчим хүчний хорооноос 2021онд дараах зорилтуудыг тавьж ажиллах гэлээ.
  • Эрчим хүчийг дотооддоо бүрэн хангана (одоогийн байдлаар ОХУ-аас 20%-ийн импорт авч байгаа)
  • Эрчим хүчийг гадаадад экспортлох
  • Тогтвортой үнийг бий болгоно
гэх гурван зорилтыг тавьж ажиллана хэмээн мэдэгдлээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна