Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ

Админ
2020/09/03

А.Амбасэлмаа: Нурсултан-УБ-ын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, 9-р сарын 1-нд 484 хүнд шинжилгээ хийхэд 482 хүнд вирус илрээгүй. Наймдугаар сарын 30-нд Нурсултан-УБ-ын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй хүнд вирус илэрсэн. Монголд коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 306 болсноос 296 хүн эдгэрлээ. ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа ба биеийн байдал хөнгөн. Өнөөдөр 38 настай нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ. Ж.Мягмар: 1,475 цэцэрлэгт мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхэд 500 сая төгрөг зарцуулсан БШУЯ-ны СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө: Тэрбээр "Улсын хэмжээнд 1,475 цэцэрлэгт 199,000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр сургалтын үйл ажиллагаа эхэллээ. 2020 оны долдугаар сарын 20-ноос хойш хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг олон талын оролцоотойгоор хангаж ажилласан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1,475 цэцэрлэгт мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхэд 500 сая төгрөг зарцуулсан. Таны хүүхэд цэцэрлэгт ороход орчны талаасаа аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байна. Мөн бүх багш нарыг халдварт өвчний шинжилгээнд хамруулсан. Бид бүгдээрээ хариуцлагатай байвал халдварт өвчний эрсдэлгүй хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах нөхцөл бүрдсэн" гэдгийг хэллээ.

Д.Нарангэрэл: Томуугийн вакциныг энэ сарын 15-ны онгоцоор авчирна

Ханиадны вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан. Есдүгээр сарын 15-ны онгоцоор ирснээс хойш 2-3 хоногийн дараа вакцинжуулалтыг эхэлнэ. Эхний ээлжинд цэцэрлэгийн хүүхдүүд болон томуугийн халдвар авах эрсдэлт бүлэг буюу эмнэлгийн ажилтан, цэрэг, цагдаа, онцгойгийнхон зэрэг төрийн албан хаагчдыг дархлаажуулна. Цаашид Засгийн газрын хөрөнгөөр томуугийн вакцины тендер зарлаж, үлдсэн хүмүүс үе шаттайгаар дархлаажуулалтад хамрагдах боломж бүрдэнэ гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна