Япон улсын Такамацү Кагава хотод амьдардаг 26 настай А гэх эмэгтэй есдүгээр сарын 2-ны 21 цагийн үед хот доторх машины зогсоолд BMW машиндаа 6 болон 3 настай хоёр охиноо үлдээн уушийн газар архи уухаар явжээ. А нь тус шөнө гурван уушийн газар дамжин өглөөний 6 цаг хүртэл архи уусны дараа эртнээс таньдаг байсан залуугийн гэрт очиж хоножээ.
16 цаг гаруй болсны дараа буюу 3-ны өдрийн 12 цаг 40 минутын үед машинруугаа очтол хоёр охин нь нарны хордлогын улмаас машин дотор амьсгал хураасан байжээ. Хэрэгтэн А нь өөрийн хийсэн хэргийг нуун дарагдуулахын тулд зогсоолоос машинаа 100м орчим холдуулж тавиад түргэн тусламж дуудан гэдэс хямраад 2 цаг орчим ариун цэврийн өрөө ороод иртэл хүүхдүүд маань ийм байдалтай байсан хэмээн худал хэлжээ.
Сэжигтэн А-г камерын бичлэг болон хэрэгт холбогдолтой хүмүүсийн мэдүүлгээр 4-ний өдөр цагдаагийнхан үнэнийг илрүүлэн асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй аллага хэмээн баривчилжээ. Цагдаагийн мөрдөн байцаалтад тэрээр машиныхаа агааржуулагчийг асаалттай үлдээсэн болохоор зүгээр гэж бодсон хэмээн мэдүүлжээ.
Түүний машин тавьсан зогсоол нь гадаа зогсоол байсан ба ойр орчимд нь нарны тусгал хаах ганц ч өндөр барилга байгууламжгүй аж. Япон улсын цаг уурын газрын мэдээлэлснээр 2-ны шөнө буюу 3-ны үүрийн 6 цаг хүртэл 28 градус орчим байсан бол өглөөний 7 цаг 30 минутаас 30 градусаас давж 12 цаг орчмын үед 36 градус хүртэл нэмэгдсэн байна.
Хэрвээ Сэжигтэн А нь өөр залуугийн гэрт хонолгүйгээр машинд орхисон хүүхдүүд дээрээ очсон бол 2 бяцхан охины амь үрэгдэхгүй байсан гэх харамсалтай мэдээг цагдаагийн газраас мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна